1 барилгад 2 сургууль хичээллэж байна


Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуульд их засвар хийж буй аж. 2024 оны 7 сарын 16-ны өдөр эхэлсэн их засвар өнөө жил ч дуусах шинжгүй байна.

Энэ сургууль Барилга угсралтын газрын конторын зориулалттай барилгад 30 жил үйл ажиллагаа явуулжээ. Сүүлийн жилүүдэд эл барилгад сургууль хэвийн ажиллахад хүндрэлтэй болсон учир их засвар хийх, өргөтгөл барихаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу их засвар хийж эхлэн, дэргэд нь 320 хүүхдийн суудалтай өргөтгөл барьж байна.

Их засвар хийх, өргөтгөл барих төсвийг энэ онд бүрэн олгоогүй аж. Үүнээс болоод гүйцэтгэгч компани өнөө жил ажлаа дуусгаж амжихгүй, 2026 онд дуусгахад хүрчээ. Төсөв шийдэгдвэл 2025 онд ашиглалтад оруулах боломутой гэнэ.

5 дугаар сургуулийн 60 гаруй багш, ажилчид, 950 сурагч энэ хичээлийн жилд Зуунмод суман дахь спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын шинэ сургуульд хичээллэж байна. Спортын төрөлжсөн сургалттай сургуульд 660 гаруй хүүхэд суралцаж, 29 багш, 27 ажилтан ажиллаж байна. Тус сургууль 640 хүүхдийн суудалтай. 2024 оны 8 дугаар сард ашиглалтад оржээ.Т ус сургуулийн нэг жигүүрт 5 дугаар сургууль, нөгөө жигүүрт нь өөрсдөө хичээллэж байна.

Нэг барилгад хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа учир Спортын сургалттай шинэ сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, үйл ажиллагаа нь жигдрэхгүй байгаа аж. Тус сургуулийн гадна, дотор тохижилт дутуу, зарим заал танхимд хатуу, зөөлөн эдлэл дутагдалтай, машины зогсоол байхгүй.

Тус аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, багш ажилчидтай уулзсаныхаа дараа 5 дугаар сургуулийн барилгын их засварын ажлыг түргэвчлэх, спортын сургуулийн эргэн тойрны газрыг тохижуулж, машины зогсоол хийхээр шийдвэрлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *