Зөрчлийн хэрэгт баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдлын 60 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилтэй холбоотой байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн бүрд баривчлах шийтгэл оногдуулж, зан үйл засах албадан сургалтад хамруулж байгаа нь зарим талаараа сөрөг үр дагавартай гэв.
Энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Гэр бүлийн харилцаа хөндийрөх, хөдөлмөр эхлэх боломжийг хязгаарлах, хүүхэд эцэг эхийн харилцаанд үл итгэлцэл бий болгох, дахин өс санах зэрэг үр дагаврыг үүсгэдэг нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс зөрчлийн шинж байдлаас нь шалтгаалж оногдуулсан баривчлах шийтгэлийг тэнсэж, албадан сургалтад гадуур хамрагдах боломжийг бүрдүүлэх шаардлагатай.

Харин шүүхээс даалгасан сургалтад хамрагдахгүй байгаа тохиолдолд баривчлах шийтгэлийг биеэр эдлүүлж, албадан сургалтад хамрагдах боломжтой хувилбарыг бүрдүүлж, торгох шийтгэлээс аль болох татгалзах нь зүйтэй. Мөн хуульд заасан сайн дурын сургалтыг хэрэгжүүлэх, тус сургалтад гэр бүлийн гишүүдийг хамруулснаар хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг арилгах, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой гэв.