Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, түүний засаг захиргааны боловсруулсан энхийн төлөвлөгөөний санаачилгыг хүлээж авахыг уриаллаа.

Тэрээр пүрэв гарагт Норвегийн ерөнхий сайд Йонас Гартай Цагаан ордонд уулзах үеэрээ тэрээр энэ дайныг өндөрлүүлэх, гал зогсоох яриа хэлэлцээг явуулах тодорхой хугацааг өөртөө тавьсан байгаа гэдгээ хэлж, дээрх хугацаанд багтаж сөргөлдөгч талуудыг АНУ-ын саналыг хүлээж авахыг шаарджээ.

Д.Трамп хэлэхдээ, “талууд хоёулаа энх тайвныг ихэд хүсэж байгаа гэж бид бодож байна, тиймээс тэд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой, бид хангалттай удаан хүлээж байгаа учраас тэд одоо өөрсдөө ширээний ард ирж суух ёстой, бид энх тайвныг тогтоож чадна гэж би бодож байна” гэжээ.

Оросын тал Украины нийслэл Киев хотод пуужин болон дроны томоохон цохилт үзүүлсний дараахан Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Оросын цохилтын улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдэж, 90 хүн бэртэж гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Оросын Киевт үзүүлсэн энэхүү цохилтын талаар ярихдаа Д.Трамп Путинд хандан “одоо цохилтоо зогсоо” хэмээн хэлсэн байна.

АНУ-аас сөргөлдөгч талуудад тавьсан энхийн санаачилгад ямар саналууд багтсан нь тодорхойгүй байгаа ч 2014 онд ОХУ Крымын хойгийг хууль бусаар өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөх гэх зэрэг Украины талаас олон буулт хийх зүйл заалтууд багтан орсныг барууны хэвлэлүүдээр бичээд байгаа юм.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский ӨАБНУ-д улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр эсрэг саналыг тавьсан байна. Тэрээр Преториа хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Трампын засаг захиргаанд өөр санал тавьснаа хэлж, ямар ч гэрээ, хэлэлцээрт Украин улсын үнэт зүйлс болон үндсэн хуулийн эсрэг ямар нэгэн зүйл заалт орсон байх ёсгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.

Оросын талаас Украины нийслэл хотод үзүүлээд буй цохилт аливаа гал зогсоох болон энхийн яриа хэлэлцээнд ямар нөлөө үзүүлэх бол гэдэг дээр олон улсын зүгээс анхаарлаа хандуулж эхлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *