Дэлхийн хамгийн өндөр ханштай криптовалют болох Bitcoin-ыг зохион бүтээгч Сатоши Накамото-гийн хувийн Bitcoin-ы хадгаламж 100 тэрбум ам.долларыг давсан байна.
Блокчэйн технологийн дүн шинжилгээ хийдэг Arkham Intelligence байгууллагын шинжээчид Сатоши Накамото-гийн эзэмшиж буй 1 сая орчим биткойны хадгаламжийг ил болгож, одоогийн 94 мянга гаруй ам.долларын ханшаар тооцоолоход түүний зөвхөн биткойны хадгаламжийн хөрөнгийн хэмжээ 103 тэрбум гаруй ам.долларт хүрээд байгаа талаар мэдээлжээ.
Сатоши Накамото гэдэг нь Bitcoin-ыг зохион бүтээгчийн нууц нэр бөгөөд өнөөдрийг хүртэл түүний хэн болох нь тодорхойгүй байгаа билээ.
Тэрээр чөлөөт зах зээлийн үзэл санаанд суурилсан Bitcoin криптовалютыг анх 2008 онд олон нийтэд танилцуулж, улмаар 2009 оноос биткойны хэрэглээ эхэлснээр криптовалют буюу цахим орчин дахь валют, төлбөр тооцооны системийн хувьсгалыг эхлүүлж, түүний араас олон тооны криптовалютууд гарч ирж байсан билээ.
Сатоши Накамото Bitcoin-ы эхэн үед олборлож хураасан 1.096 сая биткойны хадгаламжтайг Arkham Intelligence байгууллагын шинжээчид ил болгосон байна. Тэрээр сая гаруй биткойноо 22000 мянган крипто түрийвчинд байршуулан хадгалдаг бөгөөд “Patoshi Pattern” хэмээн нэрлэдэг дээрх түрийвчүүдэд тэрээр сүүлийн 10 гаруй жил огт гар хүрээгүй ажээ. Мөн тэрээр дэлхийн хамгийн их биткойны эзэмшигч хүн юм.
Сатоши Накамото одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 оны 4-р сарын 23-ны өдөр сүүлийн мэдэгдлээ хийгээд алга болсон байдаг. Тэрээр “би өөр зүйлс рүү шилжсэн” хэмээн маш энгийн боловч нууцлагдмал мэдэгдлийг хийж байсан юм.