Хятад улс Сарнаас авчирсан дээжээ Дэлхийн 6 орны эрдэмтэдтэй хуваалцаж байна


Хятад улс 2020 онд Чанги-5 хөлгөөр Саран дээр бууж, цуглуулсан дээжээ Дэлхийн 6 орны эрдэмтэдтэй хуваалцаад байгаагийн дотор тус улсын эсрэг 245%-ийн импортын тариф ногдуулаад буй АНУ-ын эрдэмтэд ч мөн багтжээ. Сарнаас авчирсан дээжийг АНУ-ын Сансар судлалын агентлагийн санхүүжилт бүхий хоёр институтийн эрдэмтдэд Сарны дээжтэй танилцаж, судлах тусгай эрх олгосноо пүрэв гарагт Хятадын үндэсний сансрын албаны дарга Шань Жүндэ мэдэгдсэн байна. Тэрээр “Сарны дээж бол нийт хүн төрөлхтний дундын эзэмшлийн үнэт эрдэнэ юм” гэжээ.

Тус алба “Чанги-5” хөлгөөр Сарнаас авчирсан хөрсний дээжийг судлах олон улсын өргөдлийг хүлээн авч буйгаа анх 2023 онд зарлаж байсан юм. Ингээд сонгон шалгаруулалтын үр дүнд Америкийн Брауны их сургууль болон Стоуни Брүүк их сургуулийн эрдэмтэд шалгарснаас гадна мөн Франц, Герман, Япон, Пакистан, Их Британи улсын судалгааны байгууллагууд Сарны дээжийг хамтран судлахаар болжээ.

Ийнхүү Хятад улс АНУ тэргүүтэй 6 оронтой хамтран, 2020 онд Сарнаас авчирсан хөрсний дээжийг судлахаар болоод байгаа бол Хятадын сансар судлаач эрдэмтэд NASA-гийн Сарнаас авчирч байсан дээжийг судлах боломжгүй байдаг байна. Энэ нь Америкийн хууль тогтоогчдын Хятад улстай сансар судлалд хамтран ажиллахын эсрэг тавьсан 2011 оны хоригтой холбоотой ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *