Бид энэ удаа “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийн ерөнхийлөгч Н.Энхмааг урьж, ярилцлаа.
Ажил, амьдралын сонин сайхнаас хоёулаа яриагаа эхэлье.
Сүүлийн 2 сар маш завгүй байлаа. “Ододтой бүжиглэе” шоунд ороод, ажил, амьдрал, ар гэрээ мартталаа бүжиглэсэн. Ямартай ч шоунд ороод, дурсамж бүтээсэндээ баяртай байгаа. Залуу насны дурсамж шүү дээ. Олон жилийн дараа эргэн санахад гоё байх болов уу.
Мото спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
Мото унаад, 3 дахь жилдээ орж байна. Мотогоо унаад, ажлаа амжуулна. Энтертайнмент байдлаар “Эгшү” клуб маань бичлэг хийж, нийгэмд эерэг хандлага түгээж байна.
“Ододтой бүжиглэе” шоуны санал ирэхэд, яаж хүлээж авсан бэ?
Шоуны санал ирэхэд, маш их баярласан. Яагаад гэхээр хэр баргийн хүнд ирэх санал биш. Намайг зорьж, надад санал ирсэнд баярласан. Нөгөө талаас айсан. “Чадахгүй бол яана аа. Би чадах болов уу” гээд. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцсан чинь намайг маш их дэмжсэн. “Залуу насан дээрээ ийм гоё шоунд орж, өөрийгөө сорьж үзэх ёстой” гээд. Нэлээн бодож байгаад орох шийдвэр гаргасан. Бодоход бол амархан, хийхэд хэцүү юм билээ.
2 сарын хугацаанд ар гэр орхигдсон гэж хэлж байна. Урлагийн хүмүүст гэр бүл нь орхигддог гэж ярьдаг. Тэрийг мэдэрсэн болов уу гэж бодлоо.
Шоунд орсон хоёр сарын хугацаанд урлагийн хүмүүсийг бол үнэхээр сайн ойлгосон. Ар гэрийг бол орхигдуулдаг юм билээ. Хэр сайн бэлдэнэ, тэр чинээгээрээ сайн үзүүлбэр үзүүлнэ. Өглөө оройгүй бэлдсэн учраас нойр муутай. Орой ирэхэд, хүүхдүүд маань унтчихсан, өглөө сэрэхэд хичээлдээ явчихсан байдаг. “Ийм ээж гэж байдаг юм уу? Юу болоод байгаа юм бэ, ээж ээ! Та арай л дэндүү их бүжиглээд байгаа юм биш үү?” гэдэг. Тэгсэн хэрнээ бүтэн сайн өдөр намайг үзэхдээ баяртай байдаг. Жаахан муу оноо авах ч юм уу, тааруухан бүжиглэчихвэл би ганцаараа зовох биш, гэр бүл, найз нөхөд бүгд санаа зовчихсон байдаг. Тэгээд би ганцаараа шоунд ороогүй гэдгээ ойлгосон. Манай гэр бүл, найз нөхөд бараг хуруугаа цэврүүттэл мессеж явуулсан гэсэн.

Таныг шоунд орсны дараа дэмжигчдийг чинь хараад гайхаж байсан. Та өмнө нь өөрийг тань дэмждэг ийм их хүн байдаг гэж боддог байв уу?
Би бол өөрийнхөө хоббигоор, өөрийнхөө сонирхлоор сошиал аккаунтаа хөгжүүлдэг. “Ододтой бүжиглэе” шоунд ороод, эхний постер зураг гарахад хүмүүс намайг маш их дэмжсэн. Олон эерэг коммент явуулж байсан. Би чинь урлагийн хүн биш. Кино, урлаг, янз бүрийн юманд ороогүй хэрнээ ийм олон хүн намайг дэмжиж, урмын үг хайрлаж байгаад баярласан. Өөрийгөө өдий хүртэл хүмүүст эерэг хандлага түгээж чадсанаараа ийм үр шим хүртэж байгаа болов уу.
Өмнө нь бүжиглэдэг байсан уу?
Үгүй. 10 жилд байхдаа л ангиараа салса бүжиглэж байсан. Өөрөөр бол бүжгийн сургалтад явж байгаагүй.
“Ододтой бүжиглэе” шоугаар тэс өөр Энхмааг хүмүүс харсан. Та өөрийнхөө дотор хүнийг тодорхойлбол? Би таныг өөрийгөө сорих дуртай эмэгтэй болов уу гэж хардаг.
Энэ шоунд Энхмаагийн эсрэг дүрүүдийг их харуулсан. Ялдам зөөлөн, эгдүүтэй охины дүр, хүүхэлдэй гээд л. Миний яриа, биеэ авч яваа байдал энгийн зөөлөн харагдаж байгаа ч миний дотоод хүн чинь жинхэнэ рок, хард металл хүн байхгүй юу /инээв/. Үүнийгээ бүжгээр дамжуулан гаргаж чадаагүй. Миний дотоод зэвүүн мэдрэмж бол пасодобль, контемпорари төрлийн бүжгээр гарах байсан. Би дотоод хүнээ 3 төрөл байдаг гэж боддог. Нэг нь уян зөөлөн, эмэгтэйлэг. Өдөр тутамдаа байдаг зан. Нөгөө нь маш хүчтэй, рок стиль. Энэ хүнээ би шоундаа гаргая гэж бодож байсан ч чадаагүй. Гэхдээ бодсон зүйл байгаа. Пасодобль, контемпорари бүжгээр бэлтгэл хийж байгаад, рийл хийнэ.
Сүүлийн хасагддаг дугаар дээр хамтрагчтайгаа хамт бүжиглээгүй. Сошиалд ч бас нэлээдгүй шуугьсан. Хүмүүс энэ дээр хариулт авахыг хүсэж байгаа болов уу?
Хамтрагч маань хувийн шалтгааны улмаас бүжиглэж амжаагүй. Алтанхөлөг бид хоёр нийтдээ 4 цаг л бэлтгэл хийсэн. Бүжиг гэдэг чинь хосоороо бүжиглэдэг учраас нэгнийгээ мэдрэх, уусах гэдэг зүйл маш чухал байдаг юм билээ. Бид хоёрын хувьд 4 цаг бэлдээд л тайзан дээр гарсан. Би бол нэг их харамсахгүй байгаа. Би өөрөө бүжгээ алдсан нь үнэн учраас хэн нэгнээс болсон гэж гоншгонохыг хүсэхгүй байна. Тайзны ард ерөөсөө алдахгүй сайн бэлдэж байсан хэрнээ тайзан дээр гараад сандраад мартчихдаг. Жаахан хэцүү мэдрэмжтэй бүжиглэсэн. Гэхдээ хүн тийм мэдрэмж авах хэрэгтэй.
Хамтрагчдын хувьд бүгд л мундаг байсан. Отгонбат багштайгаа 2 сар хамт бүжиглэсэн. Миний бүжгийн суурийг маш сайн тавьсан. Энэ дашрамд, Отгонбат багшдаа баярлалаа.
Өмнөх нэг ярилцлагыг чинь уншихад “Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хүсэл тэмүүлэл нэмэх зорилготой “гэж байсан. Миний харж байгаагаар дуу хоолой болж чадаж байгаа байх. Та өөрөө юу гэж дүгнэдэг вэ?
“Эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүсэл тэмүүлэл болно” гэж ярьсны учир нь эмэгтэй хүн бүр ар гэрээ авч явна. Үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгнө авна, ажил төрлөө зохицуулна гээд маш олон зүйл нуруун дээрээ дааж явдаг. Өчнөөн олон асуудал байдаг. Гэртээ хүүхдээ хараад суудаг, нийгмээс өөрийгөө тусгаарлаад байдаг гэх ойлголтыг л няцааж байгаа гэсэн үг л дээ. Ажил хийхийн хажуугаар хоббигоо хөгжүүлнэ. Өөртөө анхаарна. Мото унана гэдэг аюултай спорт ч гэсэн үүгээр дамжуулаад зориг, эрч хүчийг хүмүүст түгээе гэж бодсон.

Та нөхрийнхөө талаар тэр бүр яриад байдаггүй. Нөхрийнхөө талаар товч ярьж болох уу?
Манай нөхрийг Галданбилэгт гэдэг. Авто инженер мэргэжилтэй. Анх намайг чадахгүй байх гэж бодсон гэсэн. Тэгээд эхний бүжгийг үзээд хүн болгон руу залгаад “Урчихлаа. Ёстой алчихлаа“ гэж ярьсан гэсэн. Намайг сандарвал дагаж сандраад. Хүний хань гэдэг тийм мундаг байдаг юм билээ. Бид хоёр гэрлээд 10 жил болж байна. 1 хүү, 2 охинтой. Амьдралыг тэгээс эхэлсэн. Орох оронгүй, унах унаагүй эхэлж байсан. Хүмүүс намайг баян залуутай суусан гэж ярьдаг. Үгүй.
Манай нөхөр анхнаасаа л мундаг зорилготой, зоригтой, алсын хараатай залуу байсан. Мэдээж эрэгтэй хүн эхнэрээсээ потенциал өндөр, дээгүүр байх ёстой. Тэгж байж би тэр хүнд найдаж, тэр хүн миний түшиг тулгуур, хана байх ёстой шүү дээ. Тэгээс эхэлсэн амьдрал илүү амттай байдаг юм билээ. Бүх зүйлийг хамтдаа эхэлж, тэмцсэний үр дүнд өнөөдөр ийм сайхан амьдарч байгаа.
Миний нүдэн дээр 2 эвдэрхий машиныг 1 машин болгоод, унасан. 2 сарын хугацаанд эвдэрхий 2 ланд 80-ыг нийлүүлээд, Монголд анхны төгс машин босгож байлаа. Хамгийн сүүлийнх нь утсыг холбоод, Архангай руу хамт явсан. Би тэр үед жирэмсэн байсан. Эхлээд машинтай, дараа нь байртай болж байлаа.
Анхны машиндаа хүүхдээ тэврээд, гэртээ ирж байсан гээд олон дурсамж бий. Би бол унаж чадна. Машин, мотоцикл эвдрэх надад ерөөсөө хамаагүй байдаг /инээв/. Шил арчигчийнхаа шингэнийг хийж чадахгүй. Бүх зүйлийг нөхөр маань хариуцаад, ар талыг бат даадаг. Энэ дашрамд, нөхөртөө “Хайртай шүү” гэж хэлье.

Мото спортын сайхан нь юу вэ?
Мото спортын сайхан зүйл нь “Эгшү” клубийнхэнтэйгээ хамтдаа явах, цуваа үүсгээд. Цуваа тасрахгүй нэгэн хэмээр явж, цаг агаарын олон бартаатай зүйлийг мэдрэх. Машины урд цонхон дээр шавж наалдчихсан байдагтай адилхан бид нарын каскны урд шавж наалдчихдаг. Тэрний завсраар замаа харж явдаг. Тэр мэдрэмж маш гоё. Мотогоо унаад, цаг агаар, амьд байгаагаа мэдрэх чинь жинхэнэ эрх чөлөө.
Сүүлийн жилүүдэд мото, скүүтер унах хүүхэд, залуучууд олширсон. Машинтай зэрэгцээд, замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол их гарч байна. Энэ спортоор хичээллэдэг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Хэлье гэж бодож явдаг зүйл байдаг л байх.
Дан ганц мото гэхээс илүүтэй хоёр дугуйт Дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихсөн. Гэр бүлээрээ нэг мото дээр багтчихсан явж байдаг. Нярай хүүхдээ энгэртээ хийчхээд, мото унаад явж байна. Энэ чинь амьдралын хэрэглээ болчихсон зүйл. Бид нар л энтертайнмент гоё байдлаар гарч ирж байгаа. Бусад улс оронд бүгд эвээ олоод, нэг зам дээр яваад болоод байна. Монголд яагаад тэгж болохгүй байгаа юм.
“Моточид завтай хүмүүс. Чарлуулаад явж байна” гээд байдаг. Энэ янданг Дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Энэ зам дээр явж болно гээд стандартыг нь гаргачихсан. Монголд яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хэрвээ бид дуугүй мото уначихвал дэлбэ мөргүүлнэ. Жолооч нар толиндоо хардаггүй учраас бид нарын явж байгааг мэдэхгүй мөргөнө. Дуутай мото унаж байгаа хэрнээ мөргүүлдэг. Өдөрт хэдэн хүн өнгөрч байгаа юм, тийм ээ? Хүүхдүүд хүртэл скүүтер унаж байна. Эд нарыг ч гэсэн үгүйсгэх хэцүү. Унаж болно гээд зарж байгаа юмыг унаад явж байна. Дугуйн замыг нь тавьж өгөхгүй байна гэхчлэн алдаа дутагдалтай зүйл их байна.
Зам дээр ганцхан машин явах ёсгүй. Би үнэмлэхээ авчхаад, ажлаа амжуулаад, мотогоо унаад явж байгаа. Яагаад нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад, зам тавиад өгч болохгүй гэж. Бас нөгөө талаас чарлуулаад явж байгаа олон моточид байгаа. Тэд ч гэсэн соёлтой оролцох хэрэгтэй. Мото чинь машинтай адилхан тээврийн хэрэгсэл учраас зөв ашиглах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.