БНХАУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Өмнөд Хятадын тэнгисийн усан дундах бяцхан элсэн арлыг хураан авсан талаар тус улсын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.
Төрийн өмчит CCTV сувгаар хятадын эргийн хамгаалалтын дөрвөн албан хаагч Хятад, Филиппинийн хоорондох газар нутгийн маргаан бүхий Спретли бүлэг арлуудын дунд орших нэгэн бяцхан элсэн арал дээр Хятадын туг далбааг мандуулан зогсч буй зургууд бүхий мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдээр дамжуулсан байна.
CCTV-гийн мэдээнд Хятад улс энэ сарын эхээр “далай тэнгисийн хяналтыг тогтоож, газар нутгийн бүрэн эрхт эрх мэдлээ хэрэгжүүлсэн” гэжээ.
Харин Филиппин улсын зүгээс тус мэдээний дараа буюу ням гарагийн үдэш Өмнөд Хятадын тэнгис дэх өөр гурван жижиг элсэн арал дээр Филиппинийн туг далбааг мандуулан зогсч буй албан хаагчдынхаа зургуудыг ил болгож, Хятадын төрийн төв телевизийн мэдээгээр доог тохуу хийсэн байна.
Хятад, Филиппин улсуудын Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг булаацалддаг энэхүү газар нутгийн маргаан удаан үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үед маргаан улам хурцдаж, эргийн хамгаалалтын усан онгоцууд мөргөлдөх, хоорондоо ус цацаж анхааруулга өгөх зэрэг хэрэг явдлууд гарсаар байгаа билээ.
Хятад улс үнэхээр жижиг элсэн арлыг өөрийн болгож авсан гэх мэдээлэл хэрвээ үнэн бол маш харамсалтай үйлдэл юм хэмээн Цагаан ордноос мэдэгдсэн байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Хьюитт хэлэхдээ, Хятад улс энэ төрлийн үйлдлээрээ олон улсын эрх зүйн дүрэм журмыг зөрчиж, бүс нутгийн тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж байна хэмээн анхааруулаад, энэ асуудлаар Цагаан ордон өөрсдийн түншүүдтэйгээ зөвлөлдөж байгаа талаар тодотгожээ.
АНУ, Филиппин улсуудын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Баликатан хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр ийнхүү Хятад улс дээрх жижиг арлыг эзлэн авснаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Бээжингийн зүгээс Америк, Филиппинийн хамтарсан цэргийн сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Балакатан цэргийн сургуулилалт нь Филиппин улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын сургуулилалт бөгөөд аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг тус улсын зэвсэгт хүчний зүгээс мэдэгджээ. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтад ойролцоогоор 17 мянган цэрэг оролцож байгаа ажээ.