Хойд бүсийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна.
2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, Улсын их хурлаар шинэчлэн батлуулсан. Уг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэгдсэн, шинэ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” байхаар тусгасан билээ.
Энэ хүрээнд болж буй анхдугаар хуралдаанаар 5 салбар хэлэлцүүлэг өрнөж байна. Тодруулбал “Хойд бүсийн хөгжил 2040”, “Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд”, “Бүсийн зөвлөл-Эрх зүйн орчин”, “Бүсийн онцлог-Харьцуулалт”, “Амьдралын чанар, тулгамдсан асуудал” зэрэг үндсэн 5 чиглэлээр санал зөвлөмж гаргаж, тус бүс нутгаас сонгогдон, анхдугаар хуралдаанд оролцож байгаа Улсын их хурлын гишүүд Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Ингээд Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргана.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын онгоцны буудлыг олон улсын онгоцны буудал болгож олон улсын онгоц хүлээн авдаг байх, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд визгүй зорчих бүсийг бий болгоно.
Ханх боомтоор өнгөрсөн онд 40 гаруй мянган жуулчин орж ирсэн. Энэ тоог хамгийн багадаа 400 мянга болгох шаардлагатай гэж үзэж буй.
Булган аймагт мал аж ахуй, ноос ноолуур боловсруулах хөнгөн үйлдвэрийн цех байгуулна. Мөн Эгийн голын цахилгаан станцыг байгуулна. Хойд бүсийг бүхэлд нь эрчим хүчээр хангах 310мб хүчин чадалтай станц барина. Эдгээр ажлын саналуудын Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.