Д.Дюбуа, О.Усик нарын тулаан долдугаар сарын 19-нд Уэмбли цэнгэлдэхэд болно


Британийн боксчин Даниэл Дюбуа, Украины боксчин Олександр Усик нарын хоорондох хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх тулаан 7-р сарын 19-нд Их Британийн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.

27 настай боксчин Даниэл Дюбуа нь IBF холбооны аварга бол өдгөө 38 настай Олександр Усикын хувьд WBA, WBO, WBC холбоонуудын аваргын бүсийг эзэмшигч билээ.

О.Усик сүүлийн 23 тулаандаа нэг ч ялагдаагүй үзүүлэлттэй яваа бөгөөд 2023 оны 8-р сард зохиогдсон тулаанд Д.Дюбуаг 9 дүгээр үе дээр буулгаж авч байсан юм.

Мөн тэрээр өнгөрсөн оны 5-р сард Тайсон Фюриг ялснаар боксын спортын түүхэн дэх дөрвөн холбооны хүнд жингийн аваргын бүсний эзэн болж, түүхэн дээд амжилтыг тогтоосон билээ.

О.Усик өнгөрсөн оны 12-р сард Тайсон Фюритай хийсэн хоёр дахь тулаандаа жин бууж тулалдсан тул IBF холбооны бүсээ чөлөөлсөн бол Д.Дюбуа 2024 оны 9-р сард Энтони Жошуатай хийсэн тулаандаа ялалт байгуулснаар IBF холбооны аварга болсон юм.

Д.Дюбуа өнгөрөгч 2-р сард Жозеф Паркерын эсрэг тулалдах ёстой байсан ч өвчний улмаас тулаанаас нэрээ татсан бол энэ удаад О.Усиктай тулалдаж, даагаа нэхэх боломж олдсон талаараа ярьсан байна. Тэрээр 22 ялалтынхаа 21-ийг нь нокаутаар дуусгаж байсан боксчин юм.

Харин О.Усик түүнд “IBF холбооны аваргын бүсийг нь түр хадгалж байсанд баярлалаа, одоо би бүсээ эргүүлж авмаар байна” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.

Боксын спортын түүхэнд британи гаралтай нэг ч боксчин дөрвөн холбооны хүнд жингийн аваргын бүсийг нэг дор эзэмшиж байгаагүй ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *