АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины төрийн тэргүүн В.Зеленскийг энхийн гэрээний саналд багтсан Крымын хойгийн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрөх асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна.
Тэрээр өнгөрсөн бямба гарагт Ватиканд зохиогдсон Ромын Пап Францисыг оршуулах ёслолд оролцоод, эх орондоо буцаж ирэх үеэрээ сэтгүүлчдийн тавьсан асуултанд ийнхүү хариулжээ.
Трамп, Зеленскийн нар Ромын Папын оршуулгын ёслолын өмнө богино хугацаанд уулзсан бөгөөд тэдний уулзалт “дажгүй сайн” болж, Крымын асуудлыг “маш богино хугацаанд” ярилцаад амжсан талаараа Трамп хэлсэн байна.
Д.Трамп мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг “цохилтоо зогсоож…гэрээнд гарын үсгээ зурж”, энэ дайнаа зогсоохыг уриалахын сацуу гал зогсоох тохиролцоонд ойрын хоёр долоо хоногийн дотор хүрэх боломж байгааг онцолжээ.
Хэдийгээр газар нутгийн тал дээр Украин улс удаа дараа татгалзсан, няцаасан мэдэгдлүүдийг хийсээр ирсэн боловч АНУ-ын төрийн тэргүүн ийнхүү огт өөр зүйл хэлж байна. Украины тухайд газар нутгийн асуудлыг зөвхөн гал зогсоох нэгдсэн тохиролцоонд хүрсний дараа л хэлэлцэх болно гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
АНУ-аас өнгөрсөн долоо хоногт талуудад тавьсан саналд Крымын хойгийг ОХУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтаан оруулах гэх мэтчилэн Украины талаас буулт хийх олон нөхцөл, шаардлагууд багтсан талаар олон улсын хэвлэлүүдээр мэдээлсэн бол Европ болон Украины зүгээс тавьсан эсрэг саналд Украины эзлэгдсэн газар нутгуудыг хэрхэх тухай асуудлыг гал зогсоох гэрээг байгуулж, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа яриа хэлэлцээ явуулах шаардлагыг тавьсан байна.
Харин АНУ-ын зүгээс хэрвээ ахиц дэвшил гарахгүй бол хэлэлцээрээс татгалзана гэж анхааруулсан юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт телевизэд өгсөн ярилцлагадаа энэ долоо хоног яриа хэлэлцээний хувьд шийдвэрлэх долоо хоног байх болно гэжээ. Түүний хэлснээр АНУ Орос-Украины зөрчилдөөнийг зогсоож, энхийн гэрээ байгуулах асуудлаар цаашид зуучлах эсэхийг шийдвэрлэх маш чухал долоо хоног болж өнгөрнө гэдгийг тодотгосон байна.
Оросын Курск муж болон Белгородын бүс дэх Украины зэвсэгт хүчний байлдааны ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
2022 оны хавар Оросын тал Украинд халдан довтолсон энэ дайны явцад Украин улсын нийт газар нутгийн 20 орчим хувьд Москва хяналтаа тогтоогоод байгаа билээ.