Израил Бейрутын эсрэг агаарын цохилт өгчээ


Израилын зэвсэгт хүчин ням гарагт Ливаны нийслэл Бейрут хотын захын өмнөд хэсгийн орчмоор агаарын цохилт өгчээ. Тухайн хэсэгт Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн ашиглаж буй гэгдэх барилгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал өгсний дараа агаарын цохилт өгсөн байна. 

Хэдийгээр Израил болон Хезболла бүлэглэлийн хооронд одоогоос 5 сарын өмнө гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч ийнхүү Израилын талаас тухайн байршилд цохилт үзүүлээд байна. Израилын талаас хийсэн мэдэгдэлд “Израил улс болон түүний ард түмэнд аюул заналхийлэл учруулахуйц Хезболла бүлэглэлийн байндаа өндөр нарийвчлалтай тусах пуужингийн агуулахыг онилж цохилт үзүүллээ” гэжээ.

Израилын ерөнхий сайдын албаны зүгээс хийсэн мэдэгдэлд тус улс Хезболла бүлэглэл хүчирхэгжих явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Харин Ливан улсын ерөнхийлөгчийн албаны зүгээс Израилын агаарын цохилтод буруушаан, харамсч байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн оны 11-р сард сөргөлдөгч талуудын хооронд зуучилсан АНУ болон Франц улсуудыг Ливан улсын нутаг дэвсгэрт цохилт үзүүлэхгүй байх тал дээр Израил улсад шахалт үзүүлэхийг уриалжээ.

Израилын агаарын цохилтын улмаас хүний амь нас үрэгдээгүй бөгөөд цохилтод өртсөн барилгын галыг унтраасан талаар Ливаны иргэний хамгаалах байгууллагын зүгээс дараагаар нь мэдэгджээ.

Үүнээс сарын өмнө Израилын талаас мөн Хезболла бүлэглэлийн байрладаг Бейрут хотын захын өмнөд хэсгийн Дахие сууринд цохилт үзүүлж байсан ба тухайн үед 4 хүн амь үрэгдсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *