Канадын Ванкувер хотноо ажиллаж, амьдардаг филиппинчүүдийн “Лапу Лапу” хэмээх үндэсний баярын арга хэмжээний үеэр цугларсан олныг Audi SUV загварын автомашинаар дайрсан хэрэг гарсан байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн үдэш болсон уг хэргийн улмаас наад зах нь 11 хүн амь үрэгджээ.
5-65 насны хоорондох 11 хүн амь үрэгдсэнээс гадна олон арван хүн бэртэж гэмтсэн талаар хотын цагдаагийн дарга Стив Рэй мэдэгдэл хийжээ. Автомашинаар олон хүн дайрсан уг хэргийг үйлдсэн 30 орчим насны эрэгтэйг баривчилж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Сэжигтэн этгээд Ванкувер хотын оршин суугч ажээ.
Ванкувер хотын цагдаагийн газраас дараагаар нь гаргасан мэдэгдэлд сэжигтэн Адам Кай-Жи Лог эхний ээлжинд 8 хүн амины хэрэгт буруутгаад байгаа ба хэргүүд нэмэгдэнэ гэдгийг онцолжээ.
Ванкувер хотын дарга Кен Сим мөн дээрх хэргийг үйлдэх болсон сэдэл, шалтгааныг сэтгэцийн эрүүл мэндтэй холбон тайлбарлаж, тухайн баярын арга хэмжээний үеэрх аюулгүй байдлын зохицуулалтыг бүрэн шалгаж мөрдөх ажлыг эхлүүлснээ мэдэгдэв. Хэрэг гардаг өдөр Ванкувер хотын гудамжинд 100 мянга хүртэлх хүн цугларсан байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Баярын арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Канадын ерөнхий сайд Марк Карни нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, “Ванкувер хотноо Лапу Лапу баярын арга хэмжээний үеэр болсон аймшигт хэрэгт явдлын талаар сонсоод цочирдон хүлээн авч, ихэд харамч байна, бид нөхцөл байдлыг ойроос хянан ажиглаж байна” гэжээ.
Канад улсад Филиппин гаралтай иргэдийн тоо өндөр байдаг бөгөөд зөвхөн Британийн Колумб мужид л гэхэд 170 мянга гаруй филиппинчүүд амьдардаг байна. Хэрэг гардаг тус мужийн Ванкувер хотод 2021 оны байдлаар 38,600 гаруй филиппин гаралтай хүмүүс амьдарч байсан гэсэн статистик тоо байдаг байна.
Хэрэг явдлын талаар мөн Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор, Их Британийн эзэн хаан III Чарльз, Украины ерөнхийлөгч В.Зеленский зэрэг олон улсын удирдагчид харамсал илэрхийлээд байна.
Лапу Лапу хэмээх баяр нь 16 дугаар зууны үед Испанийн колоничлогчдын эсрэг тэмцэж байсан Филиппинийн дайчин баатар эрийн нэрээр нэрлэгдсэн үндэсний баяр юм байна.