УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Тэрээр уг хуулийн 25-р зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн заалт нэмэхийг хүсэж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 24 гишүүний 86.7% нь уг заалтыг хуульд оруулахыг дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аубакир мэтийн малгүй гишүүдэд чоно ямар гай удсан юм бүү мэд. “Нүүдэлчин ард түмэн “Чонотой газар малаа хариул. Чулуутай газар гэрээ барь” гэдэг. Чонотойгоо тэмцэж л амьдарч ирсэн шүү дээ. Ирвэстэйгээ, баавгайтайгаа ч юм уу зэрэгцэж амьдраад, өөрсдийгөө хамгаалдаг л байсан” гэж хэлчхээд дэмжсэн санал өгөөд сууж байгаа юм. Наанаа малгүй ч цаанаа малтай л бололтой дог. Эсвэл өөрөө чоно агнах гэсэн ч юм уу.
Малгүй гишүүдээс Б.Бат-Эрдэнэ гишүүн уг төслийг эсэргүүцэж байгаа юм. УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногт хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлээд байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны малчин гишүүд
- Ж.Батжаргал 68 адуу, 14 үхэр , 273 хонь, 56 ямаатай. Малаа нийтэд нь 139 сая 275 мянган төгрөгөөр үнэлжээ.
- Р.Сэддорж 40 адуу, 55 тэмээ, 50 хонь, хурдан удмын 23 адуутай, 222.5 сая төгрөгийн малтай.
- Ж.Чинбүрэн 40 адуу, 9 үхэр, 320 хонь, хурдан удмын 4 адуутай. 273 сая төгрөгийн малтай.
- А.Ундраа 135 сая төгрөгийн малтай. 8 адуу, 38 үхэр, 12 хонь, 10 ямаа, хурдан удмын 2 адуутай.
- У.Отгонбаяр хурдан удмын 2 адуутай. Түүнийгээ 50 сая төгрөгөөр үнэлжээ.
- З.Мэндсайхан 1 тэрбум 344 сая төгрөгийн үнэ бүхий 260 адуу, 78 үхэртэй.
- Л.Мөнхбаясгалан 103 сая төгрөгөөр үнэлсэн 48 үхэр, 110 хонь, 200 ямаатай.
- Ц.Мөнхбат 49.5 сая төгрөгийн үнэ бүхий 100 хонь, 125 ямаа, 8 адуутай. Адууных нь 1 нь хурдан удмынх.
- С.Лүндэг 6 сая төгрөгөөр үнэлсэн хурдан удмын 3 адуутай.
- М.Мандхай 40 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 4 адуутай.
- Ц.Идэрбат 80 сая төгрөгийн үнэтэй 30 үхэр, хурдан удмын 20 адуутай.
- Г.Ганбаатар 102.1 сая төгрөгийн үнэтэй 60 үхэр, хурдан удмын 29 адуутай.
- М.Ганхүлэг 185 сая төгрөгийн үнэ бүхий 20 үхэр, 152 хонь, 250 ямаа, хурдан удмын 10 адуутай.
- С.Ганбаатар 128.6 сая төгрөгийн үнэтэй 60 үхэр, 100 хонь, хурдан удмын 16 адуутай.
- Ж.Бат-Эрдэнэ 120 адуу, 80 үхэр, 320 хонь, хурдан удмын 64 адуутай. Нийтэд нь 587.5 мянган төгрөгөөр үнэлжээ.
- Б.Бейсен 23 үхрээ 18.4 сая төгрөгөөр үнэлжээ.