В.Путин Ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоног гал зогсоохоо зарлав


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 5-р сарын 9-ний өдөр тэмдэглэдэг Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоногт гал зогсоохоо зарлалаа.

ЗХУ нацист Германыг бут цохисон ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээрх гал зогсоох шийдвэрийг гаргаж байгааг Кремлийн зүгээс онцлоод байна.  

Оросын зэвсэгт хүчин Москвагийн цагаар 5-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 5-р сарын 10-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд бүх байлдааны үйл ажиллагаагаа зогсоох болно гэдгийг В.Путин мэдэгджээ. Тэрээр энэ удаад хүмүүнлэгийн үүднээс гал зогсоож буйгаа тодотгосон байна.

Түүнчлэн ОХУ-ын зүгээс Украины талыг мөн энэ хугацаанд түр гал зогсоохыг уриалсан байна. Үүний хариуд Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд нэн даруй шууд гал зогсоохыг уриалжээ. Тэрээр мэдэгдэлдээ гал зогсоохыг хүсэж л байгаа бол 5-р сарын 8-ны өдрийг хүлээлгүй шууд нэн даруй гал зогсоох хэрэгтэй, тэгж байж л цэргийн парадын төлөө биш, үнэхээр хүмүүнлэгийн үүднээс гал зогсоож буй нь харагдах болно гэжээ. Мөн Украин улс 30 хоногийн хугацаанд бүрэн гал зогсооход бэлэн бөгөөд бид үүнийг тасралтгүй санал болгосоор ирсэн хэмээн онцолсон байна.

Хамгийн сүүлд Кремлийн зүгээс Улаан өндөгний баярын үеэр 30 цагийн хугацаанд гал зогсоохоор зарласана ч төд удалгүй талууд дайтаж, үүндээ харилцан нэгнээ буруутгасан билээ.

Украины дайны явцад 20 гаруй удаа гал зогсоосон боловч бүгд амжилтгүй болж байсан юм.

Энэ үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг түр бус байнгын гал зогсоохыг хүсэж байгааг хэлж, хоёр улсын удирдагчдад улам бүр бухимдаж байгааг онцолжээ.

Ийнхүү Орос, Украины хоорондох дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулахыг зорьж буй АНУ-ын дипломат зуучлалын үйл ажиллагааны хамгийн чухал гэгдэх долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч 3 хоногийн хугацаанд гал зогсоохоо зарласан явдлыг ажиглагчид Орос улс энх тайвныг нухацтай эрэлхийлж байгаа гэсэн ойлголт төрүүлэхийг эрмэлзэж байна хэмээн үзэж байна.

Хэрвээ АНУ-ын талаас тавиад буй саналыг хүлээж авахгүй, яриа хэлэлцээнд ахиц дэвшил олж харахгүй бол Трампын засаг захиргаа зуучлалын үйл ажиллагаагаа шууд зогсоож, хаяах болно хэмээн сүрдүүлээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *