Өнгөрсөн долоо хоногт 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Ромын Пап Францисыг оршуулсны дараа буюу даваа гарагт Ватиканы зүгээс католик шашны дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг ирэх сарын 7-ны өдрөөс эхлүүлнэ гэдгийг албан ёсоор зарлан мэдэгджээ.
Тэрхүү өдөр Ватиканы Систинийн цогчин дуганд католик шашны кардиналуудын чуулган эхлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 135 кардиналын чуулган хаалттай байдлаар явагдах юм.
Кардиналууд дараагийн Ромын Папаар сонгогдох хүнийг нууц санал хураалтаар шийдэх ба 135 кардиналын 66%-иас дээш санал авсан нэр дэвшигч сонгогдох болно.
Нийт саналын гуравны хоёрыг цуглуулах нэр дэвшигч тодрох хүртэл санал хураалтыг дахин дахин явуулсаар байх ажээ. Өөрөөр хэлбэл кардиналуудын чуулганд оролцогчдын санал хэдэн янзаар өөрчлөгдөж болох бөгөөд эцсийн байдлаар ялагч буюу шинэ Ромын Пап тодорсны дараагаар уламжлалын дагуу Систинийн сүмийн гол мөргөлийн танхимын дээвэр дээрх яндангаас цагаан утаа савсуулж, хонх дуугаргаж мэдэгдэнэ.
Харин сонгож чадаагүй бол хар утаа гаргадаг бөгөөд ахин санал хураалт явагдах юм. Чуулганы эхний өдөр ганц удаа санал хураадаг бол дараагийн өдрүүдэд өдөр бүр 4 санал хураалт явуулах ба 3 хоногийн дотор сонгож чадахгүй тохиолдолд нэг өдөр завсарлага авдаг байна.
Дараагийн Ромын Папыг хэр удаан хугацаанд сонгох нь тодорхойгүй. 2005 болон 2013 онд Ромын Папыг ердөө 2 өдрийн дотор сонгож байсан билээ.