Хөөрхий дөө, муу чоно. Үг хэлж чаддаг сан бол их л юм өчих байсан биз. Хот дүүрэн малтай, хоймор дүүрэн одонтой малчид хонио хариулахгүй, гэртээ гэдсээ илж хэвтэх санаатайгаар өөрийг нь устгах гэж байгааг хэлэх л байсан. Сонгууль болохоор санал гуйж гүйдэг засаг дарга малчдын зовлонг ойлгосон дүр эсгэн, маанийг нь уншихаар шийдэж байгааг ховлох л байлаа.
57 сая малынх нь талыг зооглочихсон бол бас яая гэх сэн. Чоно мал барилаа, идлээ гээд Монголын мал хорогдсон нь үгүй. Бэлчээрээ талхалж дуусаад, ойн модыг мэртэл олширч, өсөж байна. Малын эрлэг нь үнэндээ чоно биш. Зуд, түймэр, шүлхийгээр л малчид хотоо харлуулж байгаа. Зүүн аймгуудад 3-р сард дэгдсэн түймэрт 170 мянган га талбай хуйхлагдаж, 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвч шатсан. Ганцхан удаагийн түймэрт 3754 малаа алдчихсан малчид чонотой биш, түймэр тавигчидтайгаа тэмцэх хэрэгтэй байж дээ. Сайд, дарга нарыг очихоор “Чоно элбэгшлээ. Албал торгуульд унах гээд байна” гэж худал бурж байхаар түймэр тавьсан хүмүүст хариуцлага тооцсон эсэхийг асуух хэрэгтэй. Сайд, дарга нарын уулзалтад хүчээр аваачиж суулгасан бол, асуух, ярих юмаа олж ядаад байвал тэгж л ярь.
Малаа жил бүр тоолдог ч амьтнаа тэр бүр тоолдоггүй Засгийн газрын мэргэжилтэн нэртэй сэтэртнүүдийн мэдлэггүй шийдвэрийг яана даа. Малаа хариуцсан яам нь чоныг буруутгаж гүйгээгүй байхад амьтнаа хариуцсан яам нь малаар түрий барин, чоно руугаа дайрч байгаа нь үнэхээр жигтэй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Чонын тоо хэт нэмэгдсэнээс хоттой хонь руу дайрч байна” гээд иргэдээс олон гомдол ирж байгаа юм. Чонын ан автай холбоотой дүрэм журмуудыг сая манай яам цуцалсан. Мал сүргээ хамгаалаад, энэ хуулийг би дэмжиж байна. Хөдөө уулзалт хийхээр л энийг асуудаг. Саарал чоно өөрөө экологийн тэнцвэрийг хадгалж байдаг амьтан. Хэт агнаж устгавал хохиролтой. Байгалийн тэнцвэрийн дагуу амь насыг нь хамгаалах ёстой” хэмээн 2 иртэй хутга шиг юм ярьж явна.

“Хоттой хонь руу чинь дайрсан чоныг устгаад, төлбөрт орсон малчин байна уу? Төлбөр төлсөн баримтаа гаргаад ир. Гамшигт хэдэн мал алдав. Хэзээ хэдэн чоно хотонд халдав. Гар утсаараа баримтжуулсан бичлэг, зургаа үзүүл” гээд сууж байх ёстой сайд чоно буруутай, чоныг алъя гээд байгааг ойлгохгүй байна. С.Одонтуяаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гэж бодсон чинь Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан юм санж. Л.Оюун-Эрдэнэ энэ хүнийг буруу газарт тавьчихжээ. Б.Бат-Эрдэнэ гишүүний асуусанчлан чоно агнаад ял авсан, зөвшөөрөлгүйгээр чоно агнаад төлбөрт унасан хүн байна уу? Гаргаад ир. Чонотой холбоотой асуултад хариулж чадахгүй, бодлогоо гаргаж чадахгүй БОУАӨЯ-нд Б.Бат-Эрдэнэ гишүүн гүн эмгэнэл илэрхийлсэн. Намынхаа гишүүний санаачилсан заалтыг дэмжихийн тулд дэмжиж суугаа энэ яам, сайд үнэхээр эмгэнэлтэй юм.
“Юм л бол хойд зүгийн хар овоохой” гэгчээр малчдын нүдэнд орсон хог шүдэнд орсон мах болж ирсэн чоныг малчин гишүүд яллахаар улайрч байна. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Тэрээр уг хуулийн 25-р зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн заалт нэмэхийг хүсэж байна. 2019 онд 5 хошуу малтай, хурдан удмын адуутай байсан О.Амгаланбаатар 2024 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар ч малгүй, 695 сая төгрөгийн хөрөнгө орлоготой болсон байлаа. Хамаг малаа чононд бариулчхаад, өсөрхөөд байгаа юм уу, хаашаа ч юм. ХААИС төгссөн, малтай малчин байсан болохоор малаа хамгаалахыг хүсдэг байж болно л доо. Гэхдээ эдийн засагч мэргэжилтэй хүний хувиар наад захын тооцоо бодож үзэх хэрэгтэй байсан юм, эхлээд.

Хамгийн сүүлд чоноо тоолсон 1986 онд манай улс 22 сая малтай байсан бол одоо 57 сая малтай. 22 сая малтай зэрэгцэн 30 мянган чоно амьдарч болоод байлаа. Тэр үед 700 хонинд 1 чоно ноогдож байжээ. Одоо 57 сая малтай зэрэгцэн, 13.174 чоно үлдэж яагаад болохгүй гэж? 4300 хонинд 1 чоно ноогдож байна шүү дээ. Мал хувийн өмч болж, чоно байгалийн өмч хэвээр үлдсэн учраас л чоныг цаазлах ялын тогтоолыг БОУАӨЯ өнгөрсөн өвөл уншчихлаа. Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр чоныг агнаж болж л байна даг. Тэртэй тэргүй одоо ч амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно алсан хүнд хариуцлага хүлээлгэдэггүй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ-ын гишүүд хуулиа унш! Н.Наранбаатар гишүүн ээ, та парламентад хоёр удаа сонгогдсон хүн, энэ бол тоглоом биш. Чоно үг хэлж чадахгүй болохоор дээрэлхэж байх шиг байна гэдэг шиг. Сүүлийн 4 жилийн хугацаанд 13.174 чоно бүртгэгдсэн О.Амгаланбаатар гишүүн ээ! БОУАӨЯ хариуцлагагүй байна. Холбогдох албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд төлбөрөөс чөлөөлөх бүх зохицуулалт орсон. Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр зүйл дээр ч эрүүгийн ямар нэг хариуцлага хүлээхгүй гээд орсон. Өөрийгөө, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнавал төлбөрөөс чөлөөлөгдөх зохицуулалт үйлчилж байгаа.
“Хотонд нь чоно орж ирэхээр гүйж очоод зөвшөөрөл авах гэж байтал хамаг хонийг нь барьчихлаа” гэдэг ийм худал яриаг өнөөдөр ярьж болохгүй. Хотонд орох нь байтугай малын бэлчээр дээр байгаа чоноо алаад төлбөрөөс чөлөөлөгддөг. Монгол Улс өнөөдөр 57 сая толгой малтай, 13.100 орчим чоно байна. О.Амгаланбаатар гишүүн ээ, таны сонгогдсон Говь-Алтай аймагт 383 чоно байна, яамны судалгаагаар. Мал барьж байна гэдэг агуулгаар чоныг оруулж ирлээ. Үргэлжлүүлээд Өвөрхангай аймаг ирвэсний асуудал оруулж ирээд, зэрлэг амьтад руугаа ороод эхлэх вий дээ” хэмээн анхааруулав.
Говь-Алтай аймгийнхан хэдийнээс чононд харш. 2011.11.10-25-ны хооронд аймгийнхаа хэмжээнд чоно авлах болзолт уралдаан зарлан, 273 чоныг хүйс тэмтэрсэн удаатай. 15 хоногт 273 чоно намнасан энэ хүмүүс өдөрт 18 чоно, 1 цагт 1-2 чоно агнасан байгаа юм. Одоо анчид сумын засаг даргаас зөвшөөрөл авч, хураамж, төлбөрөө тушаагаад, 5 хоногт багтаан чоно авладаг. Өдөрт 18 чоно цааш харуулдаг алтайнхан 5 хоногт 90 чоно агнана. Гэвч 5 хоногт чоно авлаж чадахгүй байна гэж малчид, анчид гомдоллодог. Чадахгүй байгаа биш, алах чоно олдохгүй байгаа юм. Чоно байхгүй болсон. 700 хонинд 1 чоно ноогдож байхад анчинд олдож байсан чоно 4300 хонинд 1 чоно оногддог болсон өнөө үед анчинд олдохоо байсан. Чонын амьдрах нутгийг хонь эзэлчихсэн юм чинь арга байж уу.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “2024 онд 411 саарал чоно агнах хүсэлт 18 аймгаас ирсэн бол агнасан нь 20 хэд гэдэг л тоо орж ирж байгаа. Энэ нь нээлттэй байгаа харилцаа” гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд танилцуулсан. Агнах зөвшөөрөл олгоод байхад агнах чоно олдохгүй байгааг энэ баримт бас харуулна.
Үүнийг мэдэхгүй, амьдралаас тасарчихсан, малчин гишүүд чоныг хойд зүгийн хар овоохой гэж л харж байна. О.Амгаланбаатарын амьдралгүй санаачилгыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Ж.Батжаргал гишүүн “Зэрлэг амьтад уламжлалт аж ахуйд халдвал яах юм гэдэг асуудал бусад хуульд байгаа л юм байна ш дээ” гэж хэлчхээд, уг заалтыг хуульд оруулахыг дэмжчихсэн.УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд малтай гишүүн 16 байна. Т.Аубакир мэтийн малгүй гишүүн хүртэл чоныг цаазлахыг дэмжиж сууна. Малчин, сайд, гишүүн бүгд малаар түрий барин, хөөрхий чоныг зүгээр л алахыг хүсэж байна. Угаасаа зүгээр л алж байгаа атлаа одоо хуульчилж байгаад алахыг хүсэж байна. Аллага хийх адын хүслээ малаар халхавчилж байна. Ийм ч хүмүүс байх гэж…Бүр УИХ-д шүү.