Хонконгийн ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогч ялын хугацаа дууссан тул мягмар гарагт шоронгоос суллагдаад байна.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгд Бээжингээс тогтоон хэрэгжүүлж буй Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ардчиллын төлөө тэмцэгч олон арван хүнийг баривчлан хорьсон байдаг.
Энэ удаад 4 жил, 2 сар хоригдох ял шийтгэл авсан ардчиллын төлөө тэмцэгч, сөрөг хүчний хууль тогтоогчид болох Клаудиа Мо, Квок Ка-ки, Жереми Там болон Гэри Фан нарыг суллаад байна. Тэднийг анх 2021 онд баривчлан хорьж байсан бөгөөд хэдийгээр ялын тогтоолыг өнгөрсөн оны 11-р сард гаргасан боловч анх баривчлагдаж хоригдсон хугацааг нь ял шийтгэлд тооцож үзсэн тул ийнхүү суллаад байгаа ажээ.
Эдгээр дөрвөн хууль тогтоогч нь Жошуа Вонг, Бенни Тай зэрэг ардчиллын төлөөх нэрт тэмцэгчид багтдаг “Hong Kong 47” бүлгийн гишүүд юм байна. Тэднийг орон нутгийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг тодруулахын тулд албан бусаар анхан шатны сонгууль явуулж, засгийн газрыг унагахыг оролдсон гэж буруутган баривчилж хорьж байжээ.
Тэднийг мягмар гарагт шоронгоос суллагдсан болохыг Хонконгийн цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлжээ.
Эргэн сануулахад, эх газрын Хятадын засгийн газрын боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцсэн Хонконгийн ардчиллын төлөөх томоохон жагсаал цуглаан 2019 онд болж байсан бөгөөд олон зуун мянган хүн гудамж талбайд гарч, олон сар жагссан тэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр олон хүн баригдан хоригдож байсан билээ.
Бээжингийн зүгээс дээрх хуулийг бүс нутагт тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн бол олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хурцаар шүүмжилж, ажиглагчид ч мөн “Хонконгийг үгүй хийсэн хууль тогтоомж” болсныг нь онцолж байсан юм.