Ү Вон Шиг: Монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллана


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өчигдөр төв талбайд угтлаа. Улмаар Төрийн ордонд Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг урьж байна. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье. Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд УИХ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлье. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг:

-Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байна. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө анхаарч ажиллана. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана.

Мөн уулзалтаар хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалт хийсний дараа Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав. Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.

Уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. “Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байна.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг:

-Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон хэлье. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө анхаарч ажиллана.

Дараа нь хүндэт зочид “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээгдсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнх


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *