“Хасын Хүлгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын финалын эхний цуврал тоглолтын үеэр (2025.04.21) “Бишрэлт Металл”-ын Девон Скотт “Хасын Хүлгүүд” багийн тоглогч А.Азбаярын биед халдсан. Дагз руугаа хүчтэй цохиулсны улмаас А.Азбаяр гэмтэж, талбайд эргэн гараагүй байсан. Тэгвэл тэр өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ орж буй талаар “Хасын Хүлгүүд” багаас мэдээллээ.
Тус багаас гаргасан мэдээлэлд “Финалын эхний тоглолтод хүнд бэртэл аваад байсан манай тоглогч А.Азбаяр нь гам барьж, эмчилгээ хийлгэснээр эргэн бэлтгэлдээ орлоо. Бид тамирчныхаа эрүүл мэндийг бодож Монгол Улсын сайн эмч эмнэлгүүд, тэр тусмаа гавьяат эмч Д.Өлзийбаяр, Сонгдо эмнэлгийн мэдрэлийн эмч А.Энхжаргал, “Мөнгөн гүүр” эмнэлэг болон Тайвань улсын “Chang Gung Memorial Hospital”-д үзүүлж MRI, CT хариугаа авлаа. Азаагийн маань бие одоо сайжирч байгаа ба санаа зовж, анхаарал тавьсан бүх хүмүүстээ маш их баярлалаа” хэмээжээ.