Вьетнамын дайн өндөрлөсний 50 жилийн ой тохиож байна. АНУ-тай хийсэн дайн өндөрлөж, дайны төгсгөлд Өмнөд болон Хойд Вьетнамыг нэгтгэж орчин үеийн Вьетнам улс байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Вьетнам улс томоохон баярын жагсаалын арга хэмжээг зохион байгуулаад байна.

Вьетнамын Хо Ши Мин хотноо зохиогдсон жагсаалд тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, бусад салбарын төлөөлөл гээд нийт 13 мянга орчим хүн оролцлоо. Түүнчлэн Хятад, Лаос, Камбож улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс бүрдсэн жагсаалын хайрцаг тус тус оролцсон байна.
Жагсаалын арга хэмжээнд мөн Вьетнам улсын төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд, Камбож, Лаос бусад улс орны хүндэт зочид төлөөлөгчид ирж оролцоод байна.

ЗХУ болон Хятадын дэмжлэгтэй Хойд Вьетнам, АНУ болон түүний холбоотон орнуудын дэмжлэгтэй Өмнөд Вьетнамын хооронд олон жил үргэлжилсэн Вьетнамын дайнд 3 сая орчим хүн үрэгдсэн түүхтэй. Тухайн үед Өмнөд Вьетнамын нийслэл байсан Сайгон хот Хойд Вьетнамд бууж өгснөөр 1975 оны 4-р сарын 30-ны өдөр дайн дууссан гэж үздэг юм. Дайн дууссаны 50 жилийн ойн хүрээнд мөн АНУ болон Вьетнамын ахмад дайчдын уулзалт Хо Ши Мин (хуучны Сайгон хот) хотноо зохиогдсон байна. Уулзалтын үеэр Америкийн ахмад дайчид Вьетнамын ард иргэдэд учруулж байсан зовлон шаналлыг үгээр илэрхийлэхийн аргагүйг хэлж, тэднээс уучлалт хүсэж, нэг нэгнээ чин сэтгэлээсээ харилцан ойлгохын сайхныг онцолж, ахиж тийм эмгэнэлт дайн тулааныг хэзээ ч гаргахгүй байхын төлөө хичээх ёстойг тодотгосон байна.
Энэ жил мөн Вьетнам, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2023 онд Вьетнам улс хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож ахиулсан байдаг юм. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй импортын тарифын бодлого хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Трампын засаг захиргааны харилцан тэгш тариф тогтоох тухай бодлогын дагуу АНУ Вьетнам улсын импортын бараа бүтээгдэхүүнд 46%-ийн татвар ногдуулсан нь Азийн улс орнуудын дотроос хамгийн өндөр тариф тогтоолгосон улсын нэг болсон билээ.