Д.Трамп автомашины тарифын бодлогоо зөөллөв


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп түүний тогтоосон импортын тарифын бодлогын автомашин үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй нөлөөллийг бууруулах зарлигт гарын үсэг зурсан байна.

Тэрээр мягмар гарагт дээрх зарлигт гарын үсэг зурах үеэрээ АНУ дахь автомашин үйлдвэрлэлийн салбарыг дэмжих хүрээнд тарифын бодлогоо зөөлрүүлж байгаагаа мэдэгджээ. Үүгээрээ Д.Трамп автомашин үйлдвэрлэгчдэд шилжилтийн үеийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байгаа гэв.

Ерөнхийлөгчийн шинэ зарлигийн дагуу автомашин үйлдвэрлэгч компаниудад үйлдвэрлэлээ АНУ-д буцааж шилжүүлэх илүү хугацааг олгох ажээ. Тодруулбал, энэхүү заалт нь автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэлтийн сүлжээгээ дахин боловсруулах хүрээнд хоёр жилийн хугацаанд тусламж үзүүлэх зорилготой, ингэхдээ компаниудын гаднаас худалдан авч буй автомашины эд анги, сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгөний тодорхой хэсгийг засгийн газраас хоёр жилийн хугацаанд нөхөн төлбөр хэлбэрээр олгоно гэж Цагаан ордны зүгээс мэдэгдсэн байна. Энэхүү өөрчлөлт нь компаниудыг АНУ-д автомашины эд анги, сэлбэгээ үйлдвэрлэдэг болоход түлхэц болно гэж Трампын засаг захиргаа найдаж байна.

Түүнчлэн Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг дагаж мөрддөг Канад, Мексик улсуудад үйлдвэрлэсэн автомашины сэлбэг хэрэгслүүд тарифын нэмэгдлээс бүрмөсөн чөлөөлөгдөхөөр болжээ.

Харин өнгөрсөн сарын сүүлээр импортын автомашинд ногдуулсан 25%-ийн тариф хүчинтэй хэвээрээ үлдэнэ гэдгийг Д.Трамп нэмж хэлсэн байна. Харин автомашины импортын сэлбэг, эд ангид ногдуулсан тариф 5-р сарын 3-ны бямба гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *