Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэлээ


АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп өөрийн ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэж Мичиган мужийн Детройт хотноо үг хэллээ.

Тэрээр Детройт хотын захын нэгэн сургуульд зохион байгуулагдсан баярын тусгай арга хэмжээний үеэр цугларсан дэмжигч олны өмнө хэлсэн үгэндээ өөрийн хэрэгжүүлж буй тариф, худалдаа, цагаачлалын бодлогуудыг онцолж, “Бид дөнгөж эхэлж байна” хэмээн хэлсэн байна.  

Д.Трамп өөрийн засаг захиргааны амжилттай хэрэгжүүлж буй тарифын болон худалдааны бодлогууд нь тухайн салбарууддаа дотоодын ажлын байрыг нэмэгдүүлэх болно хэмээн дөвийлгөөд, өөрийгөө Хятад улстай худалдааны гэрээ байгуулах болно хэмээн тодотгожээ.

Мөн тэрээр бичиг баримтгүй хууль бус цагаач, гэмт хэрэгтнүүдийн эсрэг тун амжилттай бодлого хэрэгжүүлж байгаагаа онцолсон нь дэмжигч олны нижигнэсэн алга ташилтад булуулсан байна.

Олон талт байдал, трансжендер хүмүүс, бэлгийн цөөнхүүдтэй холбогдох хууль тогтоомжийг өөрчилж буй өөрийн бодлогыг ч мөн Трамп илтгэлдээ дөвийлгөжээ.

Д.Трамп илтгэлдээ мөн өмнөх ерөнхийлөгч Ж.Байден, сөрөг хүчний Ардчилсан нам болон мөн түүнтэй санал нийлдэггүй Бүгд найрамдах намын гишүүдийн эсрэг дайрч доромжилсон утга агуулгатай үг хэлсэн байна. Тэр ч бүү хэл өөрийгөө 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч ялалтыг нь түүнээс булааж авсан хэмээн хэлээд амжсан байна. Тэрээр тухайн үед судалгааны байгууллагууд, санал тооллогын байрууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг түүний эсрэг байсан хэмээн буруутгажээ.

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хоёр дахь удаагаа хүлээж авснаас хойшхи 100 хоногийн дотор тэрээр АНУ-ын засгийн газрын бүтцийг өөрчилж, дэлхийн улс орнуудад импортын өндөр тариф тогтоож, цагаачдыг олноор нь албадан гаргаж, олон улсад үйл ажиллагаа явуулдаг Америкийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд төрөөс олгодог санхүүжилтийг нь зогсоох гэх зэрэг ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд олон арга хэмжээг аваад байгаа юм.

Түүнийг дэмжигчид Трампыг мөрийн хөтөлбөрийн амлалтуудаа биелүүлж байна хэмээн үзэж байгаа бол олон ажиглагч, шүүмжлэгчид АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого чиглэл, улс орны явж буй чиг хандлагад санаа зовниж байгаа талаараа онцолж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *