АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт явагдсан ээлжит бус парламентын сонгуульд ялалт байгуулсан Канадын ерөнхий сайд Марк Карнид баяр хүргэж, тэд ойрын ирээдүйд уулзахаар тохиролцжээ.
Энэ талаар Канадын ерөнхий сайдын албаны зүгээс мягмар гарагт мэдээллээ. Хоёр улсын удирдагчид мөн “Канад, АНУ-ууд нь тусгаар тогтносон улсуудын хувьд харилцан нэгнээ сайжруулахын тулд хамтран ажиллах нь чухал болохыг хүлээн зөвшөөрсөн” болохыг тус албаны зүгээс хэлсэн байна.
Ийнхүү хоёр улсын хооронд эдийн засаг болон аюулгүй байдлын салбарт цоо шинэ харилцаа тогтоож, хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ явуулахаар болоод байна.
Харин Канадын ерөнхий сайд М.Карни сонгуулийн дараагаар BBC агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ Канад улсыг хүндэтгэж харилцах ёстой бөгөөд Д.Трамптай зөвхөн “өөрсдийн нөхцөл шаардлагын дагуу” худалдаа, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийх болно гэжээ. Тэрээр АНУ Канад улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж, Канадтай хамтран ажиллах тал дээр үнэхээр бодитой хандаж, яриа хэлэлцээ явуулахыг хүссэн тэр цагт л өөрийгөө Вашингтонд айлчлах болно гэдгийг онцолсон байна.
Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд мягмар гарагт Цагаан ордны зүгээс ч мөн түүний энэ санааг давтаж хэлсэн юм.
Канадын ерөнхий сайд Марк Карни Канад болон мөн Панам, Гренланд зэрэг өөр бусад улс орнуудад ийм зүйл хэзээ ч болохгүй гэдгийг тодотгосон байна. Канадын бараа бүтээгдэхүүн болон хөнгөнцагаан, гангийн экспортод АНУ 25 хувийн тариф ногдуулаад байгаа асуудлыг шийдвэрлэхээс гадна мөн Марк Карни дотоодын байшин барилга, орон сууцны хямралыг шийдвэрлэж, бага болон дундаж орлоготой иргэдийн татварын хэмжээг бууруулах гэх зэрэг мөрийн хөтөлбөртөө багтаасан амлалтуудаа биелүүлэх том ажил түүнд байгаа юм. Гэхдээ энэ бүгдээс өмнө Марк Карниг ирэх 6-р сард Канадын Альберта мужид зохион байгуулагдах “Их Долоо”-гийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хүлээж байгаа ажээ.
Түүний тэргүүлсэн эрх баригч Либерал нам энэ удаагийн сонгуулиар парламентын доод танхимд 169 суудал авч, ялалт байгуулаад байгаа боловч олонх болж, дангаараа засгийн газар байгуулахад шаардлагатай 172 суудлыг хараахан авч чадаагүй учраас парламентад суудал авсан аль нэг жижиг намтай эвсэх шаардлага үүсэхээр харагдаж байгаа юм. Даваа гарагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр сөрөг хүчний Консерватив нам 144 суудал авсан бол жижиг намууд олон суудлаа алдаад байна. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн ирц 69%-тай буюу өмнөх 2019 болон 2015 оны сонгуулийн ирцийг давсан үзүүлэлттэй гарчээ.