Ичсэн нүүрэндээ шууд түймэрт


УИХ, Засгийн газрын гишүүдийг батлан хамгаалах, онцгой байдлын салбарын нисдэг тэргийг хөлөглөн, Булган аймагт хуралдаж байх зуур Булганы Хангалд 1, нийслэлийн Богд ууланд 1, Хэнтийн Норовлинд 1, Сэлэнгийн Сайхан, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэнд 4 түймэр дэгдэв. Сайд, дарга нар батлан хамгаалах, онцгой байдлын албаны нисдэг тэрэг хөлөглөж, энэ хуралд очсоныг сэтгүүлчид олон нийтэд дэлгэмэгц өнөөдүүл түргэн авч, тэндээсээ түймрийн голомт руу нислээ. Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрийг хамарч, Хушаат сум руу чиглэсэн түймрийн голомтод газардав. Ичсэн нүүрэндээ шууд түймэрт.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт 3 дугаар сарын 10-нд 170 мянган га талбайг хуйхалж,  38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод, 3500 боодол өвс шатахад бараагаа харуулаагүй Шадар сайд энэ удаад Сэлэнгийн Цагааннуурт нисэж очив. Тэр хоорондоо ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригийг Сэлэнгэ рүү давхиулж, Үндэсний аврах бригадын 40, нийслэлийн Онцгой байдлын газрын 25, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 аврагчийг Сэлэнгийн түймэрт дайчилжээ.

Дархан-Уул аймгийн  Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтансүхээр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг уг түймрийг унтраахад тусалж байсан бол өчигдөр /2025.04.29/ 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг нэмж, илгээв. Сэлэнгийн гал сөнөөгчид мэдээж, бүгд шахам түймэрт явжээ. Одоо тэнд 271 албан хаагч, 30 машинтай ажиллаж байна.  

Энд үүссэн ой, хээрийн түймрийг 12 м/с хүчтэй салхи талаар нэг тарааж, цурманд оруулсан түймрийг эргүүлэн алдах, түймрийн тархац нэмэгдэх явдал гарч байгааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг замдаа Шадар сайдад танилцуулжээ.

Энэ 7 хоногт Монгол оронд салхи, шуурга дэгдэх нь тодорхой байсан. Цаг уурчид урьдчилаад мэдээлсэн. Гэсэн ч хүмүүс түймэр тавьж, онцгой байдлынханд онц их ажил удлаа. Зүүнбүрэнд 2025.04.28-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод одоо онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 машинтай ажиллаж байгаа бол Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, нутгийн иргэд хүч нэмжээ.

Цагааннуур сумын 1 дүгээр багийн Дунд даваанд гарсан ой, хээрийн түймэт тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн анги, нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, тариаланчид хамжин унтрааж байна. Энэ түймэр 8.85 км урт, 6.85 км өргөн талбай хамарчээ. Сайд, дарга нарыг сум, аймаг хэсэн, нисдэг тэрэг хөлөглөн хуралдаж явахад, гал сөнөөгчид өдөржин шөнөжин түймэр нүдэж, халуун хоолгүй, дулаан хөнжилгүй, салхинд майхан тогтохгүй, ингээд л газарт хэвтэн, нүдний хор гаргаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн Галын-Ар гэдэг газар гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд өнөөдөр бүрэн унтраалаа. 15 км урт, 6 км өргөн талбай хамарч, нийт 9000 га талбай шатаасан энэ түймэрт малчин Б 5 ханатай гэр, малын 20 метр хашаагаа алдав.   

Үүний зэрэгцээ энэ өдөр буюу 4-р сарын 29-нд обьектын 19 түймэр гарч, “Цемент шохой” ТӨХК-ийн харуулын байр, байшин, 5 олон 4 ханатай гэр, шар өвс, машин, цаасан хайрцаг, хашаа, өтөг бууц, амбаар, малын саравч, 70 боодол өвс гээд юм юм л шатжээ. Хүчтэйхэн салхи дэгдэхэд л Монгол даяараа шатахад ойрхон байна. Ийм үед батлан хамгаалах, онцгой байдлын албаны нисдэг тэргийг хуралд унаад байж болохгүй.

Ганц ч нисдэг тэрэггүй байсан манай аврагчид одоо 4 нисдэг тэрэгтэй болоод башийж байгаа. Гэтэл тэрийг нь аврагчид биш, сайд, дарга нар унаж байгаа нь харамсалтай. Онцгой байдлын 4 нисдэг тэрэгний 3 нь аврах, 1 нь сургалтын зориулалттай.

Түймэр, үер, гоц халдварт өвчин гээд бүхий л гамшигт урдаа барьдаг аврагчдаа гартаа барих багажгүй, хөл дүүжлэх унаагүй байлгаад байж болохгүй. Хэдийгээр тэд ажлаа хийж яваа ч ашиглах хэрэгсэлтэй, унах унаатай, холбооны хэрэгсэлтэй, өөрийгөө хамгаалах хамгаалалттай байх ёстой. Өөрийгөө аварч чадахгүй аврагч гэж байх ёсгүй. Өөрийгөө аварч чадахгүй хүн өрөөлийг яаж аврах юм. Нисдэг тэрэг бол аврагчдын хувьд тийм л багаж, хэрэгсэл, унаа, амиа хамгаалах, бусдыг аврах унаа.

2007.06.14-нд Минжийн хангайд болсон “МИ8” нисдэг тэрэгний ослыг давтах гээгүй л бол сайд, дарга нар ухаантай, аврагчдаа зөв удирддаг, эрсдэлээ зөв тооцдог баймаар. Шархадсан, бэртсэн, осгох шахсан хөөрхий аврагч нар тэнд борооны ус тосон амаа чийглэж, бэлэн гоймон зажлан өл зогоож байсан гэдэг. “Биднийг аврахаар нисдэг тэрэг ирнэ” гэж хүлээн тэнгэр ширтэж, урагдсан шүхрээ хамаг хүчээ дайчлан модон дээр дэлгэн дохио болгосон гэдэг. Гэвч өөрөө нисдэг тэрэггүй, Батлах хамгаалах яамны нисдэг тэргийг Минжийн хангайд осолдуулчихсан Онцгой байдлын сайд тэр үед тэднийг хурдан аварч чадаагүй юм. 39 цагийн дараа эрлийн баг гаргаж, 15 хүн амиа алдсаны дараа хүний цусны үнэрээр 4 хүнийг арайхийж амьтай голтой олсон юм. Хүний цусны үнэрээр шүү. Тэр түүх давтагдах ёсгүй.

“Ажил муудвал хурал, мах муудвал хуушуур” гэдэг. Засгийн газрын ажил муудаад аймаг хэсэн хуралдаж явна. Завсарт нь батлан хамгаалах, онцгой байдлын нисдэг тэргийг онцын биш юманд унаж дарвив. Улаанбаатараас Булган аймаг хүртэл засмалтай. Машинаар давхиад оччих газарт нисдэг тэрэг хөлөглөж, төсвийн мөнгө үрэх санаа сэтгэлгүй, хүйтэн сайд, дарга нарт л төрнө л дөө. Сайдыг тэнгэрээр нисэж явахад, гал сөнөөгчид газарт түймэртэй тулалдаж байлаа. Тэнгэр, газрын заагт хүний амь, түмний хөрөнгө, амьтан, жигүүртэн, ургамал, эх байгаль байдаг юм шүү дээ. Тэд байхгүй бол сайд байхгүй. Үүнийг ухамсарлаж, үрэлгэн зангаа татвал таарна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *