Шведийн Уппсала хотод зохион байгуулагдаж байсан Вальпургис хэмээх хаврын баярын үеэр гарсан галт зэвсгээр үйлдсэн халдлагын улмаас 3 хүн амиа алдсаныг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Буудуулж нас барсан гурван хүн болон гэмт хэрэгтэн хэн болох талаар мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ.
Уппсала хотын төвд орших Ваксала талбайн ойролцоох үсчний газарт буудалцаан болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үсчний газарт буутай орж ирж гал нээсэн этгээд хэргийн газраас цахилгаан скүүтерээр зугтаасан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажил өргөн хүрээг (айл өрхүүдийг нэгжих, нисдэг тэргээр агаараас самнаж хайх) хамран үргэлжилсээр байгаа гэнэ.
Цагдаагийн байгууллагаас мөн энэхүү хэргийг хүн амины гэмт хэрэг гэж үзэн шалгаж байгаа ба одоогийн байдлаар уг хэргийг терроризм болон үзэн ядалтад суурилсан гэмт хэрэгтэй холбох ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа талаараа мэдээллээ.
Гэрчийн мэдүүлснээр “бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн, хэд гурван удаа буун дуу гарсан” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Швед улсад галт зэвсгээр үйлдэгдсэн болон гэмт хэргийн бүлэглэлүүдийн зүгээс үйлддэг гэмт хэргүүдийн тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан засгийн газраас тус улсын галт зэвсгийн хуулийг чангатгаж өөрчлөх арга хэмжээ авахыг зорьж байгаагаа мэдэгджээ. Энэ хэргийн өмнө өнгөрсөн 2-р сард Шведийн Оребро хотын насанд хүрэгчдэд боловсрол олгох төвд галт зэвсэгтэй халдлага гарсны улмаас 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.