Манай улс жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл өнөө жилээс эхлэн, 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр мод тарихаар боллоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэлээ хангасан юм. Өнөө жилээс их хэмжээгээр мод тарьж эхэлнэ. Тиймээс ганцхан өдөр мод тарих нь хангалтгүй гэж үзжээ.
Манай улс хавар болон намар мод тарьж байгаа. Ойд, талбайд шилжүүлэн суулгаж буй тарьц тайван байдалд байгаа буюу хаврын улиралд нахиа нь задраагүй, өсөж эхлээгүй байх үед нь суулгадаг. Харин намрын улиралд өсөлт нь зогсож, нахиа зангидсаны дараа тарьж байгаа юм. Бортогогүй тарьцыг ургаж буй үед нь шилжүүлэн суулгавал амьдрал даадаггүй. Тиймээс тайван байх үед нь тарьдаг юм. Харин бортоготой тарьцыг хэзээ ч тарьж болдог давуу талтай.