Испанид орон даяар цахилгаан тасарснаас үүдэн хамгийн багадаа 3 хүн амиа алджээ


Энэ долоо хоногийн даваа гарагт Испанид орон даяар цахилгаан тасарсан явдлын улмаас хамгийн багадаа 3 хүн амиа алдсан талаар тус улсын иргэний хамгааллын албаны зүгээс мэдээлсэн байна.

Испанийн баруун хойд хэсгийн Табоадела тойрогт амиа алдсан дээрх гурван хүн бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ. Эл Пайс сонинд бичсэнээр эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүгийнхээ хамт гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Тэднийг мягмар гарагт гэрийн үйлчлэгч нь олжээ.

Тэдний нас барсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч цагдаагийн газраас цахилгаан тасрах үеэр эвдэрсэн генератороос гарсан нүүрстөрөгчийн дутуу исэл бүхий хорт утаанд хордсон эсэхийг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн даваа гарагийн шөнө Мадрид хотноо нэгэн эмэгтэй гэртээ галд шатаж амиа алдсан хэргийг мөн шалгаж байгаа бөгөөд 50 гаруй насны тэрхүү эмэгтэй цахилгаан тасарсан үеэр гэртээ лаа асааснаа үүдэн гал гарсан байж болзошгүй байгаа ажээ. Тухайн галын улмаас мөн 13 хүн утаанд хордож, тэдний 5 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мөн Испанийн Валенсиад 40 гаруй настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан ч түүнийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрээр уушгины хүнд өвчтэй эмэгтэй байсан тул цагдаа нар цахилгаан тасрах үеэр агааржуулагч сэнс нь ажиллагаагүй болсны улмаас агаар солилцоогүй болж, амьсгал хураасан байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Даваа гарагт Испани болон Португал улсад орон даяар цахилгаан тасарснаас гадна Францын зарим хэсгээр, мөн Андорра улсад цахилгаан тасарсан бөгөөд үүний шалтгааныг олж тогтоох ажил одоо ч үргэлжилсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *