Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо 5 дугаар сарын 3-ны бямба гаргаас эхлэн, 6 дугаар сарын 30-ныг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах гэж байна. Жил бүр зохион байгуулдаг мод, цэцгийн үзэсгэлэн- худалдаагаа өнөө жил “Экспо Монгол” ХХК-тай хамтран өргөжүүлж буй аж.

Гадаадаас оруулж ирсэн мод, цэцэг энэ экспо зардаггүй. Зөвхөн Монголд ургадаг болон нутагшуулсан модны тарьц, суулгац борлуулдаг давуу талтай. Мөн хэзээ ч тарьж болох, хөрсөнд суулгамагц ургадаг бортоготой суулгац борлуулдаг. Бортогогүй суулгац тарихад амьдрах чадвар нь илүү баталгаатай, бас хурдан ургадаг онцлогтой.

Модыг хавар, намар л тарьдаг гэсэн ойлголтыг энэ экспогоор халж, монголчуудаа жилийн бүх улиралд мод тарьдаг болгохоор зохион байгуулагчид нь зорьж байна. Тиймээс үндэсний мод үржүүлгийн 25 аж ахуйн нэгж “Жилийн туршид мод тарих соёлд суралцъя” уриалга дэвшүүлж, бүх төрлийн бортоготой мод борлуулах аж. Экспод 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, мод, бордоо худалдах, ландшафтын зураг төсөл, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх, цэцэрлэгийн бүх төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцуулах, зарах юм.

Ландшафт төлөвлөлтийн “Ландшафт гарден” ХХК уг экспог ивээн тэтгэжээ. Зүгээр л мод тарих биш, мод, цэцгээр хашаа, цэцэрлэгээ хэрхэн чимэх, загварлаг гоё харагдуулах зөвлөгөө өгч, ландшафт төлөвлөлт гаргаж өгөх юм байна. Тус экспог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар дэмжин ажиллаж байна.
2025.05.03-ны нээлтэд ирсэн бүх үйлчлүүлэгчид бортоготой тарьц, суулгац бэлэглэнэ.