УИХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй болсон талаар мэдээлэл өглөө.
О.Цогтгэрэл: Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялт, ажил таслалт гэж байдаг. Ардчилсан намын бүлгийн гишүүнд ирцдээ орчхоод, чуулганы хуралдаанд оролцохгүй байх бол ажил таслалт биш. Манай бүлгийн гишүүд өнөөдөр өглөө завсарлага аваад гарсан ч гэсэн ирцдээ ороод гарсан, ажлын байран дээрээ байгаа. УИХ дахь бүлгийн завсарлага гэдэг төрийн ажил гацаах тухай ойлголт огт биш. Бодлогын өөр байр суурь байгаа бол ажлын байран дээрээ байгаад ирцдээ орчхоод байр сууриа нэгтгэж буй үйл явц. Нөгөө талд уучлал гээд хувь хүмүүсийн асуудал юм шиг нийгэмд харагдаад буй боловч ардчилсан улс оронд парламент төрт ёстой, олон талт үзэл бодол байдаг жирийн хэм хэмжээ гэж ойлгож байгаа. Дээр, доор нэгнээ давж дийлэх гэж буй асуудал биш.
Манай бүлэг 42 гишүүнтэй. Бүлгийн дүрмээр тодорхой асуудлаар 3/2-оор санал нэгдвэл бүлгийн гишүүд заавал дагаж мөрдөх ёстой гэсэн дүрэмтэй. 28-аас дээш гишүүн санал нэгдээд өнөөдөр, маргааш буюу Пүрэв, Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганд АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байхаар болсон. АН-ын бүлгийн гишүүд ирцдээ бүртгүүлнэ, гэхдээ чуулганы хуралдаанд оролцохгүй. Ирэх Даваа гарагийн бүлгийн хурлаар шаардлагатай бол дахин ярилцъя гэдэг шийдвэр гарсан” гэв.

One response to “О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн гишүүд ирцдээ бүртгүүлнэ, гэхдээ чуулганы хуралдаанд оролцохгүй”
Хуралд оролцоогүй л бол ирцэд бүртгэнэ гэж юу байдаг юм. Их хурлын гишүүд гэж даварчихсан, их хурал гэж дампуурчихсан газар нэг байх юм. Ирц бүртгүүлчихээд санал хураалтад оролцоогүй байж хуралд орлцож дэмжээгүй санал өгснөөр явдаг ямар утга байнаа. Олны нүдэн дээр ажлыг яаж оромдож болдгийг, асуудалд яаж хайнга хандаж болдгийг ил тод сурталчилж байхад бусад байгууллагууд яаж олигтой ажиллах юм бэ?. Ийм хариуцлагагүй их хурал байснаас байхгүй нь дээр.