Задгай сансарт гарсан анхны мэргэжлийн бус сансрын нисгэгч, Америкийн тэрбумтан Жаред Айзекман NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн тэргүүнээр томилогдож магадгүй байна.
Өдгөө 42 настай Жаред Айзекманы томилгоог Сенатын тусгай хороо хэдийнээ дэмжээд байгаа бөгөөд одоо түүнд танхимын бүх гишүүдийн олонхийн саналыг авах ердөө ганцхан “даваа” л үлдээд байгаа юм.
Хэдийгээр танхимын гишүүд түүнийг дэмжих нь тодорхой байгаа боловч мөн түүний томилгоонд эргэлзээтэй хандаж байгаа хууль тогтоогчид ч байгаа ажээ.
Жаред Айзекманы томилгооны асуудлаарх сонсголын үеэр Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд түүнээс ашиг сонирхлын зөрчил, Ангараг гараг руу сансрын нисгэгчдийг илгээх болон мөн сансар судлалын агентлагийн төсвийг танах гэх зэрэг олон асуултыг тавьсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Жаред Айзекманы манлайлал сансар судлалын шинжлэх ухаан, технологийн салбарт түүхэн дэвшлийг авчрах замыг нээх болно” гэсэн сүртэй мэдэгдлийг хийж, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Сенатын тусгай хорооны санал хураалтын дүнгээр 19 гишүүн Жаред Айзекманыг Америкийн сансар судлалын агентлагийн даргаар томилох асуудлыг дэмжсэн бол 9 гишүүн эсрэг санал өгсөн бөгөөд тэдний дийлэнх нь Ардчилсан намын гишүүд байжээ.
Харин сонсголын үеэр Ж.Айзекман Америкийн сансар судлалын агентлагийн сансрын нисгэгчидтэй сансрын нислэгийн хөтөлбөрүүдийг улам нэмэгдүүлэх болно гэдгээ онцолсон юм. Тэрээр саран дээр дахин хүн буулгахаар зорьж буй Артемис хөтөлбөрийг амжилттай явуулж, цаашдаа Ангараг гараг руу сансрын нисгэгч илгээх хөтөлбөрийг ч явуулахыг зорьж буйгаа нуугаагүй байна.