УИХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлэг Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд өөрийн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Жагсаал цуглаантай холбоотой хуулийн төсөлд Ардчилсан нам дэмжихгүй гэдэг шийдвэр гаргаагүй. Эрх чөлөөг хангах гэж байгаа боловч зарим талаараа хязгаарласан үг, үсэг харагдаад байна. Үүнийг нягтлаач, хуулиа сайжруулаач ээ гэж хэлсэн.
Ардчилсан нам яагаад энэ хуулиудад завсарлага авсан бэ гэхээр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн чуулганы хуралдааны Ерөнхий сайдын мэдээлэл дээр УИХ-ын гишүүний асуусан асуултад Ерөнхий сайд хариулахдаа “УИХ-ын гишүүнийг буруу дуудаж, эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээр төлөөлүүлж, доромж үл хүндэтгэсэн байдлаар хандсан. Ганцхан УИХ-ын гишүүний эсрэг хандаж байгаа биш Ерөнхий сайд буюу гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа Засгийн газрын тэргүүн парламентыг үл хүндэтгэж буй хандлага харуулсан учраас уг асуудалд ямар нэг арга хэлбэрээр уучлалт гуй”.
Уучлалт гуйхгүй бол Ардчилсан нам өнөөдөр, маргаашийн чуулганы хуралдаанд оролцохгүй.
Яагаад гэвэл Засгийн газар парламентыг үл хүндэтгэж байхад парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шиг сул дорой үлбэгэр байх нь Монгол Улсын Үндсэн хууль, дэг журмыг хүндэтгэхгүй зөрчилтэй хандаж байгаа хэрэг.
Үндсэн хуульд УИХ бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага гэж бичсэн. Гэтэл Үндсэн хуулиар заасан төрийн эрх барих дээд байгууллагын толгой дээр гүйцэтгэх эрх мэдэл гарна гэдэг Үндсэн хуулийн бус үзэгдэл” гэв.