AY YOLA хамтлаг тренд болсон “Homay” дууны албан ёсны видео клипээ ирэх долоо хоногт цацна


Башкир үндэстний Ay Yola хамтлаг TikTok, Instagram гэх зэрэг нийгмийн сүлжээний платформууд дээр тренд болсон өөрсдийн этно-поп урсгалын “Homay” нэртэй дууныхаа албан ёсны видеоклипийг ирэх долоо хоногт цацахаар болжээ.

Тэд өөрсдийн Youtube сувагтаа “Homay” дууныхаа албан ёсны видеоклипийг энэ сарын 6-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цацах тухай тизер бичлэгийг оруулсан байна. “Homay” дууны албан ёсны видеоклипийг Баяр Барадиев найруулжээ.

Тус хамтлаг 2024 онд ОХУ-ын Уфа хотноо байгуулагдсан залуу хамтлаг бөгөөд башкир үндэстний курай, кубыз, домбра зэрэг хөгжмийн зэмсгийг хөөмий болон электроник хөгжимтэй хослуулан, өөрсдийн гэсэн өвөрмөц дуугаралт бүхий уран бүтээл туурвиснаараа олны анхаарлыг татаад байгаа билээ.

Ay Yola хамтлаг нь Адель Шайхитдинова, Руслан Шайхитдинов, Ринат Рамазанов гэсэн 3 гишүүнтэй. Хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Руслан нь хамтлагийн гишүүн, дуучин Аделийн эцэг бол хамтлагийн гишүүн, хөгжимчин Ринат нь ОХУ-ын харьяа Башкортостаны Ардын жүжигчин цолтой уран бүтээлч юм.

Сонирхуулахад “Ay Yola” хамтлагийн нэр нь башкир хэлээр “сарны зам” гэсэн утгатай бол удахгүй албан ёсны видеоклип нь цацагдах гэж буй “Homay” дуyндаа тэд Башкир үндэстний домогт гардаг тэнгэрийн шувуудын эзэн хаан Самраугийн охин, Хомай хэмээх шувууны тухай өгүүлдэг ба энэхүү дуугаараа гоо үзэсгэлэнтэй, өв уламжлалаа дээдэлдэг, хүчирхэг башкир эмэгтэйчүүдийг домгийн ариун шувуутай зүйрлэсэн ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *