Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уолцыг халж, түүнийг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүллээ


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн үндэсний аюулгүй зөвлөх Майк Уолцыг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүлэхийн тулд албан тушаалаас нь халсан байна.

Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Д.Трамп Майк Уолцод талархал илэрхийлэхийн сацуу түүний албан тушаалыг түр хугацаанд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гүйцэтгэнэ гэдгийг мэдээлжээ.

Марко Рубио ийнхүү хагас зуун жилийн дараагаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүргийг давхар гүйцэтгэх хүнээр тодорч байсан. Түүний өмнө нэрт дипломатч Хенри Киссинжер гадаад харилцааны дээрх хоёр өндөр дээд албан тушаалыг давхар хашиж байсан түүхтэй.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд одоо АНУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи дорнодын асуудал хариуцсан тусгай элч, төлөөлөгчөөр ажиллаж байгаа Стив Уиткофф, мөн Трампын тусгай төлөөлөгчдийн нэг болох Рик Гренелл нарын аль нэг томилогдож магадгүй гэсэн таамаг гараад байгаа ажээ.

Америкийн цэрэг, батлан хамгаалах салбарын төлөвлөгөөг хэлэлцэж байсан нууц чатад санамсаргүй байдлаар алдаа гарган Атлантик сэтгүүлийн сэтгүүлч Жеффри Голдбергийг нэмж оруулсан явдлын улмаас хурц шүүмжлэлд өртөөд байсан Майк Уолц ийнхүү үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.

Энэхүү алдаа нь мөн түүний НҮБ-д суух АНУ-ын элчин сайдын томилгоог шийдвэрлэх асуудалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Өмнө нь Флорида мужаас конгрессын гишүүнээр сонгогдож байсан тэрээр Трампын мэдэгдлийн дараагаар Х хуудсандаа “Ерөнхийлөгч Трамп болон агуу улс үндэстнийхээ төлөө үргэлжлүүлэн зүтгэхээр болсон минь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн бичжээ.

Майк Уолцын хувьд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордныг орхиж буй Трампын засаг захиргааны анхны ахлах албан тушаалтан болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *