УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.
——————————————————————–
-УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал туссан. Энэ удаагийн шинэчлэлээр ямар асуудлыг түлхүү анхаарах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Бид иргэд олон түмэн, хуулийн этгээдүүд, баялаг бүтээгчдийн бүтээмжийг аль болохоор нэмэгдүүлэх, эдийн засгаа илүү томруулах талаас асуудлыг харах ёстой. Миний хувьд энэ талаас нь бодож байна. УИХ-ын даргын захирамжаар УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Татварын орчин, түүний ачаалал зэрэг бүх асуудлыг хамруулан авч үзэж буй ажлын хэсэг бий. Зарим нэг гишүүнтэйгээ санал бодлоо солилцож байхад татварын тодорхой ачааллуудыг бууруулах ёстой юм байна гэсэн байр сууриуд илэрхийлж байна. Миний хувьд гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл, түүний үзэл баримтлал талаас нь хараагүй, бүрэн танилцаагүй байна.
Би бол аль болохоор л юм хийж бүтээж буй улсуудаа зөв дэмжих асуудал чухал гэж бодож байгаа юм. Тэгж байж бид энэ эдийн засгаа солонгоруулах, тэлэх бодлого чиглэл барих ёстой.
-Өнөөдрийн хувьд Монгол Улсад уул уурхайн салбар түшиглэсэн бодлого яваад байна. Хөдөө аж ахуй, газар тариалан бидний мөнхийн хэрэгцээ л дээ?
-Тийм ээ. Уул уурхайн салбар дээр, дам дамаа олборлох салбар дээр түшиглэж яваад байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дагаад улс орны эдийн засаг, түүнийг дагаад төсөвт асуудал үүсэх эрсдэлүүд байна. Эдийн засаг өөрөө аль болох олон салбараас тэлэлт нь бүрдэж байх учиртай. Татварын бааз суурь өргөн болох тусам эрсдэл багатай явах боломж бүрдэнэ. Энэ талаас нь харах ёстой юм. Дээр нь бид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг сэргээгээд, бүсүүдийн хөгжлөө, тэргүүлэх чиглэлээ хангахыг зорьж, тэр бүс нутгуудад давамгайлж хөгжих эдийн засаг нийгмийнхээ чиглэлүүдийг тодорхойлоод байна. Тэгэхээр энэ талаас асуудлыг харж, бүсийн хөгжилд энэ бодлого хэрхэн уялдаж байж амь орох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
-УИХ өнгөрсөн онд гурил, улаанбуудайн гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хууль баталсан. Одоо цуцлахаар хуулийн төсөл оруулж ирээд, хэлэлцүүлж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил ч болоогүй байхад цуцлах хуулийн төсөл оруулж ирж байгаа нь хэр зохимжтой вэ?
-За яах вэ, гурил, тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн үйл явцын тухай ярихад тодорхой нөхцөлүүд үүсчихээд байсан юм. 2023-2024 онд Монголын ихэнх нутаг цас зудын байдалтай, үндсэндээ гамшгийн ангилал руу орохоор үетэй нүүр тулсан. Нэгд, тэжээлийн хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн байсан. Хоёрдугаарт, гурил гурилан бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаад, зохиомлоор өсгөсөн юм байна гэдэг асуудал нийгэм даяараа яригдсан л даа. Тийм учраас энэ татварыг тэглэх ёстой гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирж батлаад, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгосон гэж үзвэл долоон сар гаруй хугацаанд хууль хэрэгжсэн. Энд юу үүсэв гэдэг асуудлыг хэлэлцэхээс аргагүй болж байгаа юм.
-Гурил Монгол орны хувьд яах аргагүй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн л дээ?
-Тэгэлгүй яах вэ. Бид стратегийн бүтээгдэхүүн гээд нэрлэчихсэн. Тийм учраас гурилын үйлдвэрлэлийг ахиу, хангалт нийлүүлэлт, үнэ ханшийг тогтвортой байлгах ёстой. Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл газар тариалантайгаа нягт уялддаг. Газар тариалангийн салбар маань хэдий хэмжээнд ахиу бүтээгдэхүүн авч чадна бидний яриад байгаа асуудлыг хангах бололцоо бий. Тийм учраас төрийн бодлогыг энэ рүү чиглүүлээд, газар тариалангийн үйлдвэрлэлээ ахиухан явуулах тухай асуудал үүснэ. Тэндээс хурааж авсан ургацынхаа тодорхой хэсгийг ямарваа нэг эрсдэлт үйл явц болоход нөөц бэлэн байх ёстой гэдэг үүднээс стратегийн нөөц гэдэг юмыг бүрдүүлье, 100 мянган тонныг бүрдүүлж авъя гэсэн. 100 мянга гэдэг бас зүгээр гараад ирсэн тоо биш. Бид жилдээ 340 орчим мянган тонн улаанбуудай хамгийн багадаа хурааж аваад, түүнийгээ тээвэрлэхээр 230-240 мянган тонн гурил болж гарч байгаа юм. Тийм учраас нийт хэрэглээнийхээ гуравны нэгийг хангаж чадах хэмжээний нөөц мөнхийн бэлэн байх тухай асуудал байна.
-Гурилын зах зээлд геополитикийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Өөр нөлөөлж буй хүчин зүйлс гэвэл?
-Ковидын асуудал ч байв. Ер нь дэлхийн улс орнуудын хоорондын мөргөлдөөн, янз бүрийн үйл ажиллагаанууд байна. Тарифын айхтар том өрсөлдөөнүүд байна. Дээр нь манай хөдөө аж ахуй байгалиас маш их хамааралтай. Ган гачиг гэж нэг юм байна. Энэ бүх юмаа тооцоод, ер нь ямар ч нөхцөл байдал үүсэхэд идэх гурилын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний будааг бид нөөцөлж чадах ёстой. Ингэж чадвал тухайн жилийг даваад, дараагийн жилийн гуравны нэг гэсэн үг шүү дээ. Ийм байх ёстой гээд төрийн бодлогоо тодорхойлоод явсан. Тэрнийгээ хангуулахын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлого, дэмжлэг, бас хөнгөлөлттэй зээл зэрэг олон зүйлээр дэмжээд явсан. С.Баярын Засгийн газар 2008 онд Атрын III аяныг эхлүүлсэн. Тэр хугацаа их сонин жилүүд байдаг.
-Та энэ талаар жаахан тодруулж ярихгүй юу?
-Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдээ бид хувьчилчихсан. Тэнд үндсэндээ технологийн маш том алдаа гарсан. Тэрнээс болоод өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаад, тодорхой бүтээгдэхүүнүүд экспортолж байсан улс орон өөрийнхөө дотоодын хэрэгцээг 20 хувиар ч хангаж чадахгүй болсон шүү дээ. 2005 он гэхэд 13 мянган тонн улаанбуудай, 2007 онд гэхэд 109 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Тийм учраас 2007 онд М.Энхболд Ерөнхий сайд байхдаа үндэсний гурилын үйлдвэрлэлд тушаачихсан нэг тонн улаанбуудайд 60 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэсэн шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд анх удаа урамшуулал өгөх асуудал явагдсан. Баярын Засгийн газар Атрын III аяныг эхлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээ, үүгээрээ дамжуулж дотоодынхоо хэрэгцээг хангана гэсэн зорилт явсан.
-Тэр зорилтдоо хүрсэн гэж боддог уу?
-Үндсэндээ 2024 он хүртэл хэрэгцээ өсөн нэмэгдэж яв саар, нийт хрэгцээт улаан буудайнаас давсан хэмжээний улаанбуудай хураадаг болж чадсан. Энэ чинь тухайн жилийн цаг уурын байдал буюу чийг, нар хоёрын зохистой балансаас хамаарч гарч байгаа. Түүнтэйгээ уялдуулаад, Хүнсний аюул гүй байдлын зөвлөл дээрээ яриад, тодорхой хэмжээний улаанбуудай гаднаас импортоор оруулж ирж, дотоодынхоо будаатай хольж, гурилынхаа чанарыг хэвийн байлгах, үндсэндээ чанар сайжруулагч ч гэдэг юм уу, жорлогчоор авч ашиглаж явсан.
-2024 онд гаалийн татвараа тэглэснээр ямар үр дүн гарсан гэж та хэлэх вэ?
-Гаалийн татвараа тэглэснээр газар тариалангийн салбарынханд маань эргэл зээ үүссэн. Дэндүү их гурил, гурилан бүтээгдэхүүн гаднаас орж ирэх нь ээ, энийг дагаад улаанбуудайн борлуулалт явахгүй юм байна гээд тариалалт бараг хийсэнгүй. Хурааж авсан ургац бараг 30-аад хувиар, гурилын үйлдвэрлэл маань 36 хувиар буурчихсан. Бид 210-аад мянган тонн гурил үйлдвэрлэж байсан улс байгаа юм. Өнгөрсөн жил 148 мянган тонн гурил үйлдвэрлэсэн. Нөгөө талд 64 мянган тонн гурил импортоор оруулж ирсэн. Үндсэндээ гадны хөрөнгө оруулалттай хоёр компани 10 мянгаас дээш тонн гурил оруулж ирсэн. Дээр нь баруун бүс нутгуудад авч үзүүштэй зүйлүүд байгаа юм.
-Тэр нь юу вэ?
-Бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зай их хол. Эндээс тээвэрлэлт хийхээр 1000 гаруй километр. Цаанаасаа 600 гаруй км зайд тээвэрлэлт хийдэг. Үндсэндээ тээврийн зай хоёр дахин зөрүүтэй гэсэн үг байхгүй юу. Тийм учраас бүтээгдэхүүн дээр ногдох тээврийн өртөг өндөр болчихдог. Бид ямар татвар тэглэсэн юм бэ гэдэг асуудал шүү дээ. Гаалийн татвар 5 хувийг бид тэглэсэн. Үүний улмаас гурилын борлуулалтын үнэ улсын дунджаараа 8.7-9.3 хувиар буурсан. Баруун аймгуудад гурилын үнэ 36 хувиар буурсан. 130 орчим мянган төгрөг байсан шуудай гурил 85 мянга болж буурсан. Тариф чөлөөлөхөд энд 8.79.3 хувийн бууралт өгч байхад тэнд яагаад 36 байгаа юм бэ гэсэн асуудал үүснэ. Энэ нь гурилын үйлдвэрүүд гэдэг юм уу, гурил үйлдвэрлэгч нар хоорондоо үгсэн хуйвалдаад, үнээ учиргүй нэмчихээгүй байсан юм байна гэдгийг харуулаад байгаа байхгүй юу. Тийм учраас бид үүнд бодитой дүгнэлт хийх шаардлага үүссэн. Гэхдээ би энэ шийдвэрийг буруу байсан гэж хардаггүй.
-Та тухайн үед энэ шийдвэрийг гаргахын эсрэг байр сууриа илэрхийлж байсан юм билээ?
-Тийм ээ. Би үндэснийхээ үйлдвэрлэлийг хамгаалах ёстой гэсэн байр сууринаас хатуу дуугарч байсан хүний нэг. Гэхдээ энэ нь 100 хувь бодит байдлын мэдээллийг харуулж чадсан гэж би ойлгоод байдаг. Гурилын үнэ ямар байсан бэ, ямар байж болох вэ гэдгийг харуулж чадсан. Яг үнэндээ нэг ийм том ойлголт өгсөн. Хоёрдугаарт, энэ хэдэн үйлдвэрлэгч нар үгсэн хуйвалдаад, үнийг замбараагүй өсгөчихдөг байгаагүй юм байна аа. Харин тээвэрлэлт, борлуулалтынхаа үйл явцад асуудлууд байсан юм байна гэдгийг их тодорхой харууллаа. Гуравдугаарт, өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангаад, экспортлох хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахаар анхдагч үйлдвэрлэл буюу газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл буюу гурилын үйлдвэр нь бий болчихоод байхад бид энийгээ унагааж болохгүй юм байна гэдгийг хүн болгонд ойлгуулж чадсан байх гэж би бодож байна. Тийм учраас одоо Засгийн газраас гаалийн татварыг чөлөөлсөн хуулиа хүчингүй болгож, буцаагаад гаалийн татвартай болгоё гэсэн байдлаар саналаа оруулж ирж байна. Би дэмжиж байгаа. Гаалийн татвар гэдэг эцсийн дүндээ базаад хэлбэл, дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, тэнд ахиу ажлын байр бий болгож, тэр салбарт ажиллагсдыг урам зоригтойгоор үйлдвэрлэлээ аваад явах ийм нөхцөлийг бүрдүүлдэг л татвар. Энэ үнэ өртөг, бусад зүйлсийг улс орон том газар нутагтай учраас газар тариалангийн үйлдвэрлэл сул хөгжсөн гэдэг юм уу, гурилын үйлдвэрлэл байхгүй бүс нутгууддаа яаж бүтээгдэхүүн нийлүүлэх вэ, ямар төрийн бодлого байх вэ зэрэг асуудал нь гаалийн тарифын бодлогоор биш, үндэсний өөрийнх дотоод тарифын бодлогууд, дээр нь тарифын бус зохицуулалтуудаар шийдвэрлэх ёстой зүйл.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Эрдэнэтуяа