Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бямба гарагт явагдах ёстой байсан АНУ-Ираны ээлжит яриа хэлэлцээ хойшлогдсон байна.
Дөрөв дэх ээлжийн яриа хэлэлцээ 5-р сарын 3-ны өдөр Италийн нийслэл Ром хотод явагдах талаар Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи лхагва гарагт Тегеранд болсон засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Иран улсын зүгээс бямба гарагийн хэлэлцээг “логистик болон техникийн шалтгааны улмаас” хойшлуулж байгаа бөгөөд хойшлуулах шийдвэрийг хоёр тал, мөн зуучлагч Оман улс харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан хэмээн мэдэгдлээ.
Харин АНУ-ын төрийн департаментын зүгээс энэ удаагийн яриа хэлэлцээг явуулах тов анхнаасаа батлагдаагүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Мөн дөрөв дэх ээлжийн яриа хэлэлцээ “ойрын ирээдүйд” явагдах болно гэжээ.
Зуучлагч Оман улсын гадаад хэргийн сайд талуудтай тохиролцсоны дараагаар яриа хэлэлцээний шинэ товыг тогтооно гэдгийг мэдэгдсэн байна.
Хоёр тал Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх эхний ээлжийн хэлэлцээг 4-р сарын 12-нд Оманы нийслэл Маскат хотод хийсэн бөгөөд энэ нь 2018 оны 5-р сард Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарснаас хойш хоёр тал албан ёсоор хэлэлцээ хийж эхэлсэн анхны тохиолдол болсон юм. Улмаар 4-р сарын 19-нд Италийн нийслэл Ром хотод, 26-нд Оманы нийслэл Маскат хотод тус тус хэлэлцээ хийсэн юм.
Талууд Оманы нийслэл хотноо явагдсан яриа хэлэлцээг “маш үр бүтээлтэй” боллоо хэмээн тодорхойлж байсан бол энэ долоо хоногийн лхагва гарагт Трампын засаг захиргааны зүгээс Тегераны эсрэг тавьсан шинэ хоригтой холбогдуулан ийнхүү цөмийн гэрээний асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд орлоо.
Ираны газрын тос, шатахуун, нефтийн химийн бүтээгдэхүүний хууль бус худалдаанд оролцож буй аж ахуй нэгжүүдийн эсрэг тавьсан АНУ-ын хоригийн талаар Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд бичихдээ “Иранаас газрын тос, нефтийн химийн бүтээгдэхүүн худалдаж авсан аливаа улс орон, хувь хүн тэр даруй хоёрдогч хориг арга хэмжээнд хамрагдах болно” гэсэн байна.
Харин Иран улс АНУ-ын дээрх хоригийн талаарх мэдэгдэлдээ “Америкийн шийдвэр гаргагчдын зөрчилдөөнтэй зан авир болон итгэл үнэмшилгүй байдгийн бас нэг нотолгоо” хэмээн тодорхойлсон юм.