“Рийлээр ажил явуулдаг төрийн шинэ тренд” гарав уу, really?


Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм даяаршиж, цахим хэрэглээний хөгжил хурдацтай үсрэнгүй болсон. Үүнийгээ дагаад олон нийтийн цахим сүлжээний шинэ содон хэв маяг, тренд байдал ч хүчээ авч буй. Тэгвэл Дэлхий дахины энэ шинэ хэв маягаас манай төр, засгийнхан дутахыг хүссэнгүй.

Сүүлийн үед сайд, дарга нар хэн нь гоё рийл, видео хийж, аятайхан өнгө төрхтэй байхаа үзэж байгаа гэлтэй зураг авалт, хэлбэр хийцээрээ өрсөлдөж байна. Энэ давлагаа УИХ-ын өмнөх дарга Г.Занданшатараас эхлэлтэй гэж хэлж болно. Тэрээр анх 2023 оны есдүгээр сарын 6-нд рийлээ цацсан. Ингэхдээ өөрийгөө УИХ-ын дарга хэмээн танилцуулж, ажлын чиг үүргээ тайлбарласан нь олон хүнд хүрч, 1.5 мянган лайк авч, 500 гаруй удаа шэйрлэжээ.  

Харин дараа нь “Энэ миний ажлын өрөө. Олон улсын хуралд тавих илтгэл дээрээ сууж ажиллаж байна” гэсэн тайлбартай рийлээ есдүгээр сарын 8-нд цацсан. Ийн 90 секундэд ажил үүргээ тайлбарлаж, олон нийтэд хүргэсэн нь нэг талд “хийх зүйлгүй хүн шиг, мөнгө зарлагадсан ажил” хийж байна гэсэн шүүмжлэл дагуулсан бол нөгөө талд орчин үеийн хэв маягаа дагаж, товч байдлаар агуулгаа хүргэж байгаа нь оновчтой байна гэх ч сайшаал хүртсэн.

Ингээд үүний араас рийлчин улстөрчдийн цуваа үргэлжилсэн. Энэ цувааг манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлдэг. Тэрээр гадаад улсад хийсэн албан айлчлалаа дүрсээр баримтжуулж, дуу шуутай ая дэвсэж, уран сайхны эвлүүлгээр чимж, фейсбүүкт цацдаг.

Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын рийл видео хэлбэр, дүрсээрээ биднийг гайхуулж дуусахгүй нь. Рийлийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн сайдын бичлэг олны анхаарал татаад байна. Түүний дээгүүр дрон нисэж, хэдэн талаас нь камер бичиж байх жишээтэй. Үүгээр болоогүй “Бямбын урилга” нэртэй өөрийн нэвтрүүлэгтэй болоодохсон.

    Рийл бол инстаграм, фейсбүүк зэрэг платформ дээр ашиглагддаг. Ихэвчлэн 90 секунд хүртэл урттай, босоо видео юм. Төрөл бүрийн хөгжим, эффекттэй, хурдан, сонирхолтой байдлаар олон нийтэд хүрдэг. Рийлээр мөнгө олох нь одоо ч энгийн үзэгдэл болсон. Богино хугацаанд хүргэх гэсэн агуулгаа хүргэж, товч тодорхой, нүдэнд өртөхүйц байдлаар хийх нь жинхэнэ зар сурталчилгаа болж буй. Гэхдээ энэ нь зөвхөн цахим сүлжээнд энгийн иргэн, инфлүүсэр, алдартнуудын хэрэглээ л баймаар.

Харин рийлээр төрийн ажил явуултлаа тренд гаргах нь арай утгагүй хэрэг. Улстөрчид хэрхэн гоё рийл хийж, зар сурталчилгаа явуулж, нэр хүндээ өсгөх гэхээс илүү урдах ажлаа хариуцлагатай хийж, ард иргэдэд амласан амлалтаа биелүүлэх үүрэгтэй биш үү? Тэрнээс рийл хийж, өөрийгөө сурталчлах нь тэдний ажил үүрэг биш байлтай.

Сүүлдээ гишүүд нь хүртэл ярилцлагын нэвтрүүлэгтэй болчихсон, хэвлэл мэдээллийн үүргийг нийгмээс халж хаях нь холгүй байна. Рийл хийхийн тулд үүнийг хийх хүн, зураглаач, эвлүүлэгч гээд сайд, гишүүдийн ард ажиллах орон тоо нэмэгдэж, тэр хэрээр тэдний цалин хөлс яригдана. Төрийн ордонд ажиллах хүний орон тоо, төсвийн ачаалал нэмэгдэнэ. Ингэж рийлээр ажил явуулах, рийлчин болж төрийн ажлыг явуулах хэрэг байна уу, УИХ-ын гишүүд ээ, сайд нар аа!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *