94 настай У.Баффетт Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буулаа


Өдгөө 94 настай Америкийн тэрбумтан Уоррен Баффетт энэ оны эцсээр “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууна гэдгээ өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.

“Омахагийн зөнч” хочит ахмад хөрөнгө оруулагч Уоррен Баффетт өөрийн компанийн жилдээ нэг зохион байгуулагддаг уламжлалт чуулга уулзалтын арга хэмжээний үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Тэрээр мэдэгдэлдээ компанийн дэд захирал Грег Абелд гүйцэтгэх захирлын албаа шилжүүлэн өгөхөө мэдэгдэж, Грег Абелын компанийг удирдах цаг нь ирсэн хэмээн хэлсэн байна. У.Баффетт

“Berkshire Hathaway” хэмээх дампуурах дөхсөн нэхмэлийн компанийг 1.1 их наяд ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын аварга том компани болгож чадсан Уоррен Баффетт бол маргаангүй дэлхийн хамгийн амжилттай, шилдэг хөрөнгө оруулагч юм.

У.Баффетт АНУ-ын Небраска мужийн Омаха хотноо зохион байгуулагдсан, 40 мянган хүн оролцсон компанийн чуулга уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ түүний дээрх шийдвэрийг хоёр хүүхдээс нь өөр хэн ч мэдээгүй хэмээн хэлжээ. Түүний хажууд сууж байсан дэд захирал Грег Абел ч мөн У.Баффеттын шийдвэрийн талаар огт мэдээгүй байсан нь илт харагдсан байна.

У.Баффетт одоогоос 4 жилийн өмнө Гре Абелд халаагаа өгнө гэдгээ мэдэгдэж байсан ч хэзээ гэдгээ огт зарлаж байгаагүй юм.

Чуулга уулзалтын үеэр У.Баффетт компанийнхаа өөрийн эзэмшдэг хувьцааг зарж, борлуулах төлөвлөгөөгүй гэдгээ хэлж, мөн Трампын тарифын бодлогыг эсэргүүцэж, “АНУ худалдааг зэвсэг болгон ашиглах ёсгүй, бид дэлхийн улс орнуудтай худалдаа явуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.

Түүнийг албан тушаалаасаа буухаар болсонтой холбогдуулан Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк гэх зэрэг томоохон бизнесийн манлайлагчид Уоррен Баффеттын хөрөнгө оруулалтын салбарт гаргасан амжилт, бизнесийн өвийг магтан сайшаасан мэдэгдэл гаргасан байна.

Түүхийн хуудсыг сөхвөл, Уоррен Баффетт 6 настай байхдаа анхны мөнгөн орлогоо олж, 11 настайдаа анх хувьцаа худалдан авч, 13 настайдаа анх татвар төлж байсан бөгөөд түүний хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компани нь даатгалын Geico, цэнэг хураагуур үйлдвэрлэгч Duracell, сүлжээ рестораны Dairy Queen зэрэг 60 гаруй компанийг эзэмшдэгээс гадна Apple, Coca Cola, Bank of America, American Express зэрэг олон том компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг юм.

Олон тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивлаж байсан Уоррен Баффеттын хөрөнгийн хэмжээ өнөөгийн байдлаар 154 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа ба дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 4-рт бичигдэж байна. Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэдий ч Омаха дахь нэгэн даруухан байшинд сүүлийн 65 жилийн турш амьдарч байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *