Д.Трамп гадаадын бүх кино уран бүтээлд 100 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гадаадын бүх кино уран бүтээлд 100%-ийн татвар ногдуулна гэж мэдэгджээ. Тэрээр “маш хурдтайгаар уналтад орж, үхэж үрэгдэж буй” Америкийн кино үйлдвэрлэлийн салбарыг хамгаалж, аврахын тулд гадаад улс орнуудад үйлдвэрлэсэн кинонд 100%-ийн татвар ногдуулахаа зарласан байна.

Д.Трамп энэ талаар өнгөрсөн ням гарагт нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “бусад улс орнууд Америкийн кино найруулагч, студиудыг өөртөө татахын тулд янз бүрийн урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж байна, энэ нь Холливудад хүнд цохилт болсон төдийгүй АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн онцолжээ.

Д.Трамп АНУ-ын худалдааны департамент болон АНУ-ын худалдааны төлөөлөгчдөд тус улсын зах зээлд нэвтэрч буй гадаадын бүх кинонд 100%-ийн татвар ногдуулах журмыг нэн даруй эхлүүлэх бүрэн эрхийг олгож, “Америкт бүтээсэн киног бид хүсэж байна” хэмээн өөрийн Truth Social платформд нийтэлжээ.

Харин дараагаар нь АНУ-ын худалдаа, аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник “Бид үүн дээр ажиллаж эхэллээ” хэмээн хариу мэдэгдэл хийсэн байна.

CNN агентлагийн мэдээлснээр гадаадын кинонуудад хэрхэн яаж тариф ногдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Тус агентлагийн мэдээ нийтлэлд “кино бол бараа бүтээгдэхүүн биш оюуны өмч учраас одоогоор тариф тогтоох боломжгүй үйлчилгээний хэлбэрт хамрагдаж байна” хэмээн бичжээ.

Түүнчлэн гадаад улс оронд кино продюсерлэдэг Америкийн кино компаниудад дээрх тариф үйлчлэх эсэх, Netflix гэх зэрэг стрийминг үйлчилгээнд тавигдсан гадаадын кинонуудад мөн тариф үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.

Холливудын кино студиудын сүүлд гаргасан “Deadpool & Wolverine”, “Wicked”, “Gladiator II” зэрэг томоохон кино уран бүтээлүүд гадаад улс оронд хийгдсэн юм. Хэдийгээр Д.Трамп Холливудыг уналтад орж, үхэж байна гэж мэдэгдсэн ч АНУ дэлхийн кино үйлдвэрлэлийн салбарт тэргүүлсэн хэвээрээ байгаа талаар ProdPro судалгааны байгууллагаас мэдээллээ. Тус байгууллагаас хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээр өнгөрсөн жил АНУ-ын кино үйлдвэрлэлийн салбарын продакшны зардлын хэмжээ 14.5 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *