АНУ-ын Нью-Йорк хот дахь Метрополитен урлагийн музейд 2025 оны Met Gala арга хэмжээ зохион байгуулагдаад байна. Met Gala-г Нью-Йоркийн Метрополитен урлагийн музейн Хувцас загварын институтэд хандив цуглуулах зорилгоор тус институтээс зохион байгуулдаг бөгөөд дэлхийн загварын ертөнцийн онцгой үйл явдалд тооцогддог тус арга хэмжээнд ирж оролцож байгаа зочид Метрополитены музейгээс өгсөн тухайн жилийн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай.
Орон нутгийн цагаар даваа гарагийн үдэш зохиогдсон энэ жилийн арга хэмжээ нь тус музейд энэ хавар гарч буй “Өнгөт арьстнуудын стиль, загварыг урлахуй” хэмээх үзэсгэлэнгийн хүрээнд эрэгтэйчүүдийн хувцаслалт болон ганган чамин хувцасладгаараа алдартай өнгөт арьстнуудын загварын хэв маягийг тодотгож, хүндэтгэл үзүүлж байгаагаараа онцлог байлаа.
Энэ жилийн онцлох сэдвийг 2009 онд хэвлэгдэн гарч байсан зохиолч Моника Л.Миллерын “Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity” хэмээх өнгөт арьстнуудын хувцаслалт, тэдний стиль, загварын хэв маягийн талаар бичсэн номд үндэслэн сонгосон байна.
2025 оны Met Gala арга хэмжээнд оролцогчид сэдвийнхээ хүрээнд хослол, бүрх малгай гэх зэрэг эрэгтэйчүүдийн хувцас болон өнгөт арьстнуудын хувцаслалт, загварын хэв маягийг шингээсэн хувцсаар гоёж, өнгөний хувьд ч мөн ихэвчлэн хар өнгийг сонгож хувцаслан оролцоод байна.
Met Gala-г үүсгэн байгуулагч, Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур энэ жилийн арга хэмжээг Холливудын жүжигчин Колман Доминго, реппер A$AP Rocky, “Фомула 1” уралдааны аварга Льюис Хамильтон, дуучин, хөгжмийн продюсер, загвар зохион бүтээгч Фаррелл Уилльямс гэсэн дан өнгөт арьст эрхмүүдтэй хамтран даргалан явуулаад байна. Түүнчлэн алдарт сагсан бөмбөгч Леброн Жеймсийг мөн хүндэт зочноор урьсан боловч тэрээр өвдөгний гэмтлийн улмаас оролцох боломжгүй гэдгээ зарласан билээ.
Түүнчлэн 2019 оноос хойш анх удаагаа Met Gala-г даргалагч нараас гадна тусгай хороо бүхий багийн хамт зохион байгуулж байгаа бөгөөд тус багт жүжигчин Аёо Эдебири, реппер Doechii, дуучин Janelle Monáe, Usher, Tyla зэрэг олон өнгөт арьст уран бүтээлчид багтжээ.
2025 оны Met Gala арга хэмжээ 2003 оноос хойш анх удаагаа эрэгтэй хувцас загварыг онцолж, үндсэн сэдвээрээ сонгосноороо мөн онцлогтой болж байна.































Энэ жилийн арга хэмжээнд ирж оролцсон 200 орчим зочдоос Louis Vuitton-ы хослолоор гоёсон жүжигчин Зендейя, Chrome Hearts-ын хар савхин даашинзтай Ким Кардашьян, Thom Browne брэндийн мөн л хар өнгийн өвөрмөц даашинз өмсөж ирж оролцсон жүжигчин Деми Мур, Marc Jacobs-ын даашинзан хослолоор гоёж, гурав дахь хүүхдээ тээж буй гэдгээ илчилсэн дуучин Рианна, Нигерийн загвар зохион бүтээгч Уго Мози-гийн үлэмж хэмжээтэй цагаан өнгийн нөмрөг болон даашинзаар гоёсон нэрт дуучин Диана Росс, Valentino-гийн нөмрөг болон тансаг хослолоор хоёр өөр дүр төрх бүрдүүлж ирсэн жүжигчин Колман Доминго, Louis Vuitton-ы боди болон хүрмийн хослолоор гоёсон дуучин Сабрина Карпентер, Burberry брэндийн хослол өмсөж, нуруундаа төгөлдөр хуур үүрч ирсэн дуучин, реппер, продюсер Андре 3000, Louis Vuitton-ы шоотой богино өмд болон хослолоор гоёсон реппер Doechii, загвар зохион бүтээгч Лакуан Смитийн өвөрмөц даашинзыг гивлүүр бүхий малгайтай хослуулсан жүжигчин Халле Берри зэрэг зочдын бүрдүүлсэн дүр төрх, хувцаслалтыг хэвлэлүүд онцолж байна.
Сонирхуулахад, Met Gala арга хэмжээг жил бүрийн 5-р сарын эхний даваа гарагт зохион байгуулдаг бөгөөд арга хэмжээний үеэр зочид оролцогчид оройн зоог, коктейль, амьд хөгжим хослуулсан үдэшлэгт оролцохоос гадна мөн тухайн жилийн үндсэн сэдвийн дагуу гарсан үзэсгэлэнг үзэж сонирхдог байна.
Энэхүү арга хэмжээнд тасалбар гэж байдаггүй, зөвхөн тусгай зочид урилгаар оролцдог ба ихэвчлэн томоохон брэнд компаниуд арга хэмжээний ширээг (үнэ нь 350,000 ам.доллароос эхэлдэг) бүхэлд нь худалдан авч, тус брэндийн хувцсаар гоёж улаан хивсэн дээр алхар одуудад урилга өгч оролцуулдаг юм.
Гэхдээ мөн олны танил, алдартнууд оролцохыг хүсвэл нэг урилгын үнэ ойролцоогоор 75,000 ам.долларын үнэтэй байдаг ба тухайн жилийн арга хэмжээнээс олсон бүх орлогыг Метрополитен урлагийн музейн хувцас загварын институтэд хандивладаг байна.
Харин арга хэмжээг үзэж сонирхохыг хүссэн хүмүүст зориулж зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн цахим платформууд болон мөн YouTube-ээр шууд дамжуулан үзүүлдэг юм.
Өнгөрсөн жилийн Met Gala арга хэмжээ байгалийн өнгө аяс, тэр дотроо цэцэгсийг онцолж байсан бол түүний өмнөх 2023 оны Met Gala домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдэд хүндэтгэл үзүүлж байсан билээ.