Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний худалдааны дайныг даамжруулахаас сэргийлэх үүднээс талууд хоорондох тарифын асуудлаарх яриа хэлэлцээ энэ долоо хоногт явагдахаар болсон байна.
Америк, Хятадын хоорондох яриа хэлэлцээ Швейцарь улсад явагдах бөгөөд БНХАУ-ын талаас тус улсын шадар сайд Хэ Лифэнь оролцоно гэж Хятадын ГХЯ-наас мэдэгджээ.
Харин АНУ-ын талаас тус удсын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент болон АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грийр нар оролцоно гэж холбогдох албадын зүгээс мэдэгдлээ.
Трампын тангараг өргөх ёслолд БНХАУ-ын дэд дарга Хан Жэн оролцсоноос хойшхи хоёр улсын хоорондох анхны өндөр дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ ийнхүү явагдахаар болж байна.
Д.Трамп өнгөрөгч 1-р сарын сүүлээр Цагаан ордонд буцаж ирснийхээ дараахан Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд дээд тал нь 145% хүртэлх тариф ногдуулсан юм.
Түүний шийдвэрийн эсрэг Бээжингийн зүгээс хариу барьж, Америкийн зарим импортод 125%-ийн тарифыг ногдуулсан билээ.
Тэдний хоорондох энэхүү худалдааны дайн санхүүгийн зах зээлд үймээн самуун үүсгэж, олон улсын худалдааг бүхэлд нь цочролд оруулаад байгаа бөгөөд Трампын зүгээс Хятадын талыг эцэст нь яриа хэлэлцээ хийх л болно гэсэн өөрийн байр суурийг илэрхийлж байсан бол Бээжингийн зүгээс хэрвээ энэ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдвэл эцсийг нь үзтэл тулалдах болно гэсэн байр суурьтай байгаа юм.