Европын Комисс эрчим хүчний хувьд Оросоос хамааралтай байдлыг ойрын жилүүдэд зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа.
Уг төлөвлөгөөний дагуу ЕХ-ны гишүүн орнуудын ОХУ-аас импортлодог байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийг 2027 оны эцсээр бүрмөсөн хориглож зогсоохоор болжээ.
“Орос эрчим хүчийг бидний эсрэг зэвсэг болгон ашигладаг явдлыг бид ахиж зөвшөөрөхгүй, бид цаашдаа Оросын дайныг шууд бус байдлаар санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй” хэмээн мягмар гарагт Страсбург хотод зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дэн Йоргенсен мэдэгдсэн байна.
Дээрх төлөвлөгөөний дагуу ЕХ-ны гишүүн орнууд Оросоос импортлодог байгалийн хий, газрын тос, түлш шатахуун, цөмийн эрчим хүч, уран, баяжуулсан уран болон бусад цөмийн түүхий эдийг орлуулах стратеги төлөвлөгөөгөө боловсруулан гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа бөгөөд энэхүү үүргийг баталгаажуулах багц хуулийн төслийг ирэх 6-р сард Европын парламентаар хэлэлцэхээр болжээ.
Европын Комиссын зүгээс “эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, хангамжийг төрөлжүүлэх” замаар Оросын эрчим хүчнээс хамаарал бүхий байдлаасаа гарах зорилтыг тавьж байгаагаа ийнхүү илэрхийллээ.
Путин Украинд түрэмгийлснээс хойш ЕХ-ны Оросын газрын тос, хий, цөмийн эрчим хүчнээс хараат байдал мэдэгдэхүйц буурсан ч ЕХ тус холбоо эрчим хүчнийхээ ихээхэн хэсгийг Оросоос импортолсоор байна.
2021 онд ЕХ-ны байгалийн хийн нийт импортын 45 хувийг Орос эзэлж байсан бол 2024 онд Оросын эзлэх хэмжээ 19 хувь болтлоо буурчээ. Мөн 2022 онд ЕХ-ны газрын тосны нийт импортын 27 хувийг ОХУ эзэлж байсан нь өнөөдөр 3 хувь болтлоо буураад байна.
2022 оны 2-р сард Орос Украинд халдан довтолсны дараа ЕХ-ны зүгээс ОХУ-тай эрчим хүчний харилцаагаа таслах болно хэмээн амлаж байсан юм. Харин ЕХ-ны мягмар гарагт хийсэн дээрх мэдэгдэл болон хэтийн төлөвлөгөөний талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Европ өөртөө гай л удаж” байна хэмээн хэлсэн байна.