Трампын засаг захиргаа сайн дураараа АНУ-ыг орхин гарах цагаачдад 1000 ам.доллар олгоно


Трампын засаг захиргааны зүгээс АНУ-ыг сайн дураараа орхин гарч, нутаг буцах хүсэлтэй хууль бус цагаачдад 1000 ам.долларын стипенд олгох талаараа албан ёсоор мэдэгдсэн байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментаас даваа гарагт танилцуулсан энэхүү шинэ арга хэмжээ нь Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй цагаачдын эсрэг бодлогын хүрээнд тус улсад оршин сууж, ажиллаж амьдарч буй хууль бус цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгджээ.

Шинэ журмын дагуу тус улсад хууль бусаар амьдарч байгаа цагаачдад зориулсан гар утасны тусгай аппликейшн ажиллуулах бөгөөд тэрхүү “CBP Home” хэмээх аппликейшнээр дамжуулан нутаг буцах онгоц болон бусад тээврийн хэрэгслийн тийзээ захиалж, аяллын зөвлөгөө зэргийг авах боломжтой ажээ.

Улмаар тухайн цагаачийг нутаг буцсаны дараа буюу нутагтаа очсоныг аппликейшнээр дамжуулан тогтоосны дараа 1000 ам.долларыг холбогдох дансанд нь илгээх талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департамент мэдэгдсэн байна. Тус департаментын мэдэгдэлд мөн хууль бус цагаачид сайн дураараа нутаг буцах энэхүү арга хэмжээ нь цагаачдыг албадан гаргах төсвийг ойролцоогоор 70 орчим хувиар бууруулах болно гэдгийг онцолсон байна. Тодруулбал, нэг хууль бус цагаачийг олж илрүүлж, баривчилж, түр саатуулж, албадан гаргахад ойролцоогоор 17000 ам.доллар зарцуулагддаг ажээ.

Энэхүү шинэ журмын дагуу сайн дураараа нутаг буцсан хууль бус цагаачдад ирээдүйд АНУ-д хууль ёсны дагуу нэвтрэхэд илүү давуу байдал үүсэх болно гэдгийг мөн тодотгосон байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *