Пүрэв гарагийн өглөө Умард Солонгосын зүгээс Зүүн тэнгисийн зүгт хэд хэдэн ойрын зайн тусгалт баллистик пуужин харван туршсан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд орон нутгийн цагаар өглөөний 08:10 цагийн орчимд Умард Солонгос улсын зүүн эргийн орчмын Вонсан хотын орчмоос олон тооны ойрын тусгалт баллистик пуужин харвасныг тогтоосон гэжээ.
“Манай арми ажиглалтаа улам сайжруулан нэмэгдүүлж, Умардын баллистик пуужингийн талаарх мэдээллийг АНУ, Японтой хуваалцахын зэрэгцээ бүрэн бэлэн байдалд шилжээд байна” хэмээн БНСУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс сэтгүүлчдэд мэдэгдлээ.
БНАСАУ сүүлд өнгөрсөн 3-р сард мөн олон тооны баллистик пуужин харван туршсан. Умард Солонгос улс 3-р сарын 10-ны өдөр хэд хэдэн ойрын тусгалт пуужин харвасан бөгөөд дээрх туршилт нь БНСУ, АНУ-ын уламжлалт хаврын хамтарсан цэргийн сургуулилалттай давхцсан юм. Түүнчлэн 1-р сард Д.Трамп тангараг өргөж, ерөнхийлөгчийн албандаа орсноос хойш харван туршсан Умард Солонгосын хоёр дахь баллистик пуужингийн туршилт болсон билээ.
Пүрэв гарагийн баллистик пуужингийн туршилт Японд ямар нэгэн аюул заналхийлэл үзүүлээгүй хэмээн Японы засгийн газрын албан тушаалтнууд мэдэгдсэнийг NHK суваг эш татан мэдээлсэн байна.