Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, рекет, мансууруулах бодис, хүний наймаа гэх зэрэг олон хэрэгт буруутгагдаад буй Америкийн реппер, продюсер Шон “Дидди” Комбсын хэргийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа энэ долоо хоногт явагдсаар байна.
АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд эхэлсэн энэхүү үйл ажиллагааны явцад боломжит 600 тангарагтны шүүгчдээс 45 шүүгчийг сонгож, улмаар эцсийн 12 тангарагтны шүүгчийг 6 нөөц тангарагтны шүүгчдийн хамт тодруулах бөгөөд сонгогдсон шүүгчдийн баг 20 гаруй жилийн хугацаанд үйлдсэн гэж үзэж буй Дидди-тэй холбогдох шүүх хуралд оролцож, түүний цаашдын хувь заяаг шийдэх шийдвэрийг гаргах юм.
Тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулахын тулд энэ хэргийн хохирогчидтой ямар нэгэн байдлаар ойрын холбоотой эсэх, яллагчид болон өмгөөлөгчдийн талаар аливаа үзэл бодолтой эсэх, мөн тэдний биеэ үнэлэгчид болон хууль бус мансууруулах бодисын хэрэглээний талаарх итгэл үнэмшил, хип хоп дуу хөгжмийн ертөнц болон хууль сахиулах байгууллагын талаарх үзэл бодол, хэрэгт нэр холбогдсон олны танил хүмүүсийн жагсаалтанд багтсан нэрсийг сонссон эсэх гээд олон төрлийн асуултыг тавьж, шалгаж байгаа ажээ.
Шон Комбсын шүүх хурлын үйл явц энэ долоо хоногийн даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн холбооны шүүх танхимд эхэлсэн бөгөөд баасан гарагт шүүгчдийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт дуусч, ирэх долоо хоногоос шүүх хурал эхлэхээр болжээ.
Түүний хэрэг холбооны эрүүгийн хэрэг бөгөөд шүүх хурал нь холбооны шүүхийн танхимд явагдаж байгаа учраас 1946 онд батлагдаж байсан дүрэм, журмын дагуу шүүх хурлын үйл явцыг шууд дамжуулж, бичлэг хийх боломжгүй гэнэ.
8 орчим долоо хоногийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй шүүх хурлын үйл явцын талаар хурлын танхимд сууж буй сэтгүүлчдийн мэдээлэл болон зураачдын бүтээлээс харах боломжтой ажээ.
Шон Комбсын эсрэг үүсгэсэн хэргүүдийн улмаас түүнийг өнгөрсөн оны 9-р сард баривчилж, Бруклин дүүргийн түр саатуулах төвд хорьж байгаа билээ. Өдгөө 55 настай Шон Комбс түүний эсрэг үүсгэсэн бүх эрүүгийн хэрэгт өөрийгөө буруугүй хэмээн няцаасаар байгаа юм. Дээр дурьдсан хэргүүдээс гадна түүнийг “хүчээр албадан хөдөлмөр эрхлүүлсэн” болон “бэлгийн мөлжлөг болон биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг тээвэрлэсэн” гэх хоёр шинэ зүйл ангиар өнгөрөгч 3 болон 4-р сард нэмж буруутгаад байгаа юм.
Түүний өмгөөлөгчдийн зүгээс Шон Комбсын оролцсон гэх аливаа бэлгийн харилцаа нь харилцан зөвшөөрсний үндсэн дээр болсон, эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний дарамт шахалт, албадлагын шинжтэй үйлдэл байгаагүй хэмээн мэдэгдээд байгаа ба энэхүү шүүх хурлын шийдвэр түүнийг буруутай гэж гарвал Шон Комбс олон арван жилээр хоригдох ял шийтгэл сонсч магадгүй байгаа юм.