Gen Z үеийг дагаад ажлын байрны шалгуур уян хатан болж байна


Хүн төрөлхтний үе солигдох тусам хөдөлмөрийн зах зээл хувьсан өөрчлөгддөг. Ийм өөрчлөлт Gen Z үеийнхэн дээр илүү тод харагдаж байна. Энэ төлөөллийн ажлын байрны нөхцөлийг Дэлхий нийтээр судалж буй нь ч анхаарал татна.

Олон улсад ажлын байран дээр шинээр гарч буй залуучууд амьдрал дээрх практик чадвар муу, soft skills буюу хүнтэй харилцах наад захын чадвар сул гэдэг шалтгаанаар компаниуд Gen Z үеийн залуусыг ажлаас халж байгаа аж. Тухайлбал: Судалгаанд оролцсон 10 компани тутмын 6 нь энэ жил их, дээд сургууль төгссөн төгсөгчдийг ажилд аваад, халсан байв. Халсан шалтгаан нь шинээр ажилд орсон залуус ямар ч ажлын идэвх санаачилгагүй, харилцааны энгийн чадваргүй гэсэн хоёр сул талыг хамгийн олон дурджээ. Түүнчлэн судалгаанд оролцсон ихэнх хүний нөөцийн менежерүүд Gen Z үеийнхэн ажлын ачаалал даах чадваргүй, ихэнх нь байнга ажлаасаа хоцордог, тохиромжгүй хувцасладаг, хүнтэй эвгүй харьцдаг гэж тодорхойлжээ.

Олон улсад Gen Z үеийнхэнд тулгарч буй сорилт Монголын залуучуудад ч ижилхэн тулгарч байна. Харин нэг анхаарах зүйл нь гадаадын ажил олгогч нар шаардлага хангахгүй залуучуудаа шууд халдаг бол манайд эсрэгээрээ, залуучууд өөрсдөө сайн дураараа ажлаа сольж байна. Тухайлбал: Монголд нийт ажил эрхэлж буй залуусын 48.3 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд ажлаа сольдог гэсэн судалгаа бий. Үлдсэн хувь нь 1-3 жил болоод ажлаа сольдог гэсэн үг. 3 жил ажиллаад, ажлын байраа солино гэдэг тийм ч урт хугацаа биш. Өсөж дэвшиж, хөгжиж, туршлага хуримтлуулъя гэвэл үүнээс илүү хугацаа хэрэгтэй. Гэхдээ залуучууд 3-аас дээш жил нэг газар тогтохгүй байгаа нь байгууллагын дотоод соёл, хамт олны уур амьсгал, цалин, урамшуулал, ажлын ачаалал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

Энэ талаар 26 настай Б.Золжаргалаас бид асуулаа. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй ч томоохон хувийн байгууллагад маркетингийн менежерээр ажилладаг юм.

-Таны ажлаа солих шалтгаан юу байсан бэ?

-Цалин. Би сэтгүүлч мэргэжлээр 4 жил ажилласан. Гэхдээ авдаг цалин бага, үнэлэмж муу, цаг наргүй байсан учраас өөрийн хүсэлтээр ажлаа сольсон. Хүн харахад цэвэрхэн хувцастай, үсээ лаакдчихсан, микрофон бариад олны өмнө гардаг ч бодит байдал дээр амьдрал, ар гэр маань хэвэндээ бахь байдагтаа. Сарын 1.4 сая төгрөгөөс ХХОАТ, НДШ суутгаад, 900 мянган төгрөгийг хоёр хувааж авахаар хаанаа ч хүрэлцдэггүй. Ганц бие тулдаа болгоно гээд зүтгээд байсан ч учир дутагдалтай санагдсан. Цалингаа нэмүүлье гэхээр 200 мянган төгрөгөөр нэмье гэнэ. Энэ нь хангалттай биш. 200 мянгаар нэмээд ч чанарын ялгаа байхгүй. Тийм учраас залуу байгаа дээрээ бизнес эрхэлье, өөр зүйлд өөрийгөө сорьё гээд дуртай мэргэжлээ орхиод, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.

Манай салбарт яг ийм цалинтай, магадгүй үүнээс ч бага цалинтай ах, эгч маш олон бий. Тэд зүгээр л ажилдаа дуртайдаа, сэтгэлээрээ олон жил ажилласан байдаг. Гэтэл хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс ийм цалингаар өнөөгийн нийгэмд амьдрах боломжгүй. Үүнээс улбаалж, зээл авах асуудал яригддаг.

Ингээд яривал хэвлэл мэдээллийн салбар нийтээрээ цалин бага гэхэд буруудахгүй болов уу. Тэгэхээр энэ салбарын үнэлэмжийг өсгөж, ажилтнуудын цалинг дорвитой нэмэх хэрэгтэй. Нөгөө талаар ийм шалтгаанаар залуучууд нэг газраа тогтвортой ажиллаж чаддаггүй.

-Тэгвэл ажлаа солиод танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Эрс өөрчлөлт гарсан. Санхүүгийн хувьд санаа зовохооргүй болсон. Заримдаа авч байгаа цалингаа бодохоор урамтай санагддаг. Дүү нартаа хоол ундны мөнгө илүүчилж чаддаггүй байсан бол одоо боломжоороо мөнгө өгч, тусалж дэмждэг болсон. Гэр бүлийн харилцаанд ч гэсэн эерэг уур амьсгал бий болсон. Нэг ёсондоо мөнгө гэж бодохгүй болохоор аандаа ажил бүтэж, стресс ч багасдаг юм байна. Түүнийгээ дагаад ажлаа илүү сэтгэл хангалуун хийж, бүтээмж нэмэгддэг юм байна. Хэдийгээр өөр салбар ч гэсэн маркетинг тал дээр тун боломжийн ажиллаад, хамт олондоо үнэлэгдэж байгаа. Цаашид илүү хичээж, зорьсондоо хүрнэ. Олон хүнтэй харилцдаг болохоор сэтгүүлч мэргэжлийн давуу тал ч гарч байна. Ер нь залуучууд мэргэжилдээ дуртай байсан ч илүү ажиллах таатай орчин, уян хатан нөхцөлтэй байгууллагыг сонгодог болсон.

Одоогоос 10, 20 жилийн өмнө “Ажиллавал ажилла. Чамаар дутахгүй” гэдэг байсан бол одоо байгууллагууд хүнээ алдахгүйн тулд бодлогоор ажилд авах шалгууруудаа өөрчилж, уян хатан санал тавьдаг болжээ. Цалин өндөр буюу амьдралд хүрэлцэхүйц, 7 хоногийн 2 өдөр амардаг. Байгууллага хамт олны уур амьсгал эерэг, “шуламгүй”, сайн ажиллавал төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөөр жилдээ нэг удаа амрах, сэтгэл санааны хямралд орж стресствэл нэг өдрийн цалинтай чөлөө өгөх зэрэг сонголтыг байгууллагууд дотоод журамдаа бий болгож хэвшжээ. Ийм соёлтой байгууллагад ажиллах сонирхолтой залуучууд ч олон байна.

Жишээ нь zangia.mn саит дээр тавьсан зарыг харахад, ажлын байрны шалгуур эрс өөрчлөгдсөн байв. Тухайлбал: Их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-3 жил ажилласан туршлагатай, хувийн ур чадвар сайтай зэрэг ерөнхий шаардлагаас гадна нэмэлтээр төрөл бүрийн мэргэжлийн сургалт, гүйцэтгэлээс хамааран урамшуулалт цалин, ажлын цагийн уян хатан хуваарь, ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт, гар утасны төлбөрийн хөнгөлөлт, сар бүр шатахууны эрх, цалингаа урьдчилж авах боломжтой болжээ. Ажилтнуудаа дэмжсэн уян хатан цаг, эрүүл мэндийн үзлэг, фитнессийн хөнгөлөлт, өдрийн хоол, унааны нэмэгдэл болон гар утасны төлбөр, 13 дахь сарын цалин, бүх төрлийн тэтгэмж (шинэ хүүхэд, төрсөн өдрийн цалинтай амралт …), Спорт заал 7 хоног бүр авах гэх мэт уян хатан нөхцөл, нэмэлт урамшуулал санал болгож байна. Энэ нь хүнээ алдахгүй гэсэн байгууллагуудын бодлого аж.

Товчхондоо ажил олгогчид ур чадвар, туршлагаас илүү хариуцлага, хандлага мөн тууштай ажиллах сонирхолтой, өсөж дэвжих хүсэлтэй залуусыг түлхүү авах сонирхолтой болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *