Путин Украинтай шууд яриа хэлэлцээ явуулахыг уриалж, Зеленский түүнтэй Истанбулд “биечлэн” уулзах санал тавив


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулах үйл явцад томоохон дэвшиц гарсан гэж тодорхойлж болохуйц үйл явдлууд болж өнгөрлөө.

Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн шөнө ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин мэдэгдэл хийж, энэ дайныг зогсоох асуудлаарх “маш чухал” яриа хэлэлцээнд оролцохыг Украин улсад уриалж, урьсан бөгөөд энэхүү яриа хэлэлцээнээс талууд гал зогсоох шинэ тохиролцоонд хүрч, энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэх энх тайвныг авчрах эхний алхам болох боломжтой гэдгийг онцолсон байна.

Тэрээр Украины армид цэрэг, зэвсгийн хүчээ шинэчлэн сайжруулах боломж олгосон богино хугацаанд гал зогсоох арга хэмжээний оронд дайныг нэг мөр дуусгах шууд яриа хэлэлцээг эхлүүлж явуулах шаардлагатай байгааг тодотгож, ямарваа нэгэн урьдчилсан болзолт нөхцөлгүй явуулах ёстой гэдгийг онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн энхийн гэрээний асуудлаар ням гарагт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай утсаар ярилцсан байна. Энэ үеэр Р.Т.Эрдоан Турк улс хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлэхийн сацуу иж бүрэн гал зогсоох нь энхийн хэлэлцээ явуулахад шаардлагатай орчныг бүрдүүлнэ хэмээн хэлсэн байна. Туркийн ерөнхийлөгч мөн энхийн гэрээ байгуулагдах боломж нээгдлээ гэдгийг мөн тодотгосон байна.

ОХУ анх Украинд түрэмгийлэн халдан довтолсноос нэг сарын дараа буюу 2022 оны 3-р сард хоёр талын хооронд гал зогсоох яриа хэлэлцээ Туркийн Истанбул хотноо удаа дараа явагдаж байсан боловч бүтэлгүйтсэн юм.

Киев болон түнш холбоотон Европын орнуудын зүгээс Москваг 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалан шаардсаар байгаа үед ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгч шууд яриа хэлэлцээ явуулах уриалга гаргаад байна. Путины мэдэгдлээс өмнөхөн бямба гарагт Украины нийслэл Киев хотноо В.Зеленский Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Францын ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц, Польшийн ерөнхийлөгч Дональд Туск нарыг хүлээн авч уулзан, төлөвлөгөө гаргасныхаа дараа дээрх шаардлагыг ОХУ-д тавьсан юм. Харин В.Путин мэдэгдэлдээ Европын шаардаж буй 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай нэг ч үг дурьдаагүй. Харин Европын удирдагчдын зүгээс энхийн яриа хэлэлцээ явуулах урьдчилсан нөхцөл нь 30 хоног гал зогсоох явдал байх ёстой гэдгийг мэдэгдсээр байгаа бол Москвагийн зүгээс гал зогсоохын тулд барууны орнууд Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоох ёстой гэсэн шаардлагыг өмнө нь тавьж байсан билээ.

Тэгвэл Путины мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын ерөнхийлөгчтэй энэ долоо хоногт Туркийн Истанбул хотноо “биечлэн” уулзаж, дайныг зогсоох яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Путины зүгээс санал болгосон хоёр талын шууд яриа хэлэлцээг Турк улсад явуулах саналыг нэн даруй зөвшөөрч, хүлээж авахыг Украинд шаардсаны дараахан тэрээр өөрийн Х хуудсандаа дээрх мэдэгдлийг нийтэлжээ. Зеленский “Алаан хядааныг сунжруулах нь утгагүй. Тиймээс би пүрэв гарагт Туркэд Путиныг хүлээх болно, өөрийн биеэр” хэмээн бичсэн байна.

Украины төрийн тэргүүн өмнө нь ОХУ-ыг гал зогсоосны дараа л Украин улс яриа хэлэлцээ явуулах болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл түүний байр суурь өөрчлөгдөж, Путины тавьсан саналын хариу болгож энэ сарын 15-ны пүрэв гарагт Истанбул хотод Путинтай нүүр тулан уулзаж, яриа хэлэлцээ явуулахыг зөвшөөрлөө. Гэхдээ тэрээр мөн даваа гарагаас эхлэн бүрэн гал зогсоохыг санал болгосон нийтлэлийг нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Тэрээр Оросууд ямар нэг шалтаг хайхгүй гэдэгт найдаж байгаагаа нэмж хэлсэн байна.

Ийнхүү 3 жил гаруй хугацааны дараа сөргөлдөгч талууд зарчмын хувьд хэлэлцээг сэргээхээр тохиролцоод байна. Гэхдээ яриа хэлэлцээ болон гэрээ хэлэлцээр бол хоёр тэс өөр зүйл юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *