ЭЕШ-ын Математикийн 1000 бодлогыг нээлттэй болгож буй талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар төгсөх ангийн сурагчид болон математикийн багш нарын байр суурийг хүргэж байна.
Математикийн багш У.Өлзийбүрэн: Сурлагын ахисан түвшний хүүхдүүд сайн хүлээж авч байна. Харин дундаж, дунджаас доогуур сурлагатай хүүхдүүд бодлогын хариуг цээжлэх хандлагатай байна. Нэг бүрчлэн ойлгож бодоход хүндрэлтэй. Нөгөө талаар энэ жилийн төгсөлтийн хүүхдүүд азтай байна. Бүр огт 1000 бодлогчгүй ордог байсан шүү дээ. Харанхуй ямар бодлого ирэхийг мэддэггүй. Тэрийг бодвол арай давуу талтай.

Математикийн багш Б.Энхзул: Өмнө нь юунаас ч хамаагүй сургалтын материал зэргээс бэлдээд тодорхойгүй байсан бол одоо илүү тодорхой болохоор давуу талтай. Хүүхдүүдийн онцлогоос их хамаарч байгаа. Сайн боддог хүүхдүүд бодох аргачлал дээрээ төвлөрнө. Тааруу боддог хүүхдүүд мэдээж цээжлэх маягаар явж байна. Бодсон бодлого чинь өөрөө нүдэлчихсэн тодорхой хэмжээгээр мэдэж байгаа болохоор, огт бодоогүйгээс илүү давуу талтай гэж харж байгаа.

12Б ангийн сурагч П.Гансүрэн: Хүүхдүүдэд 1000 бодлогын тестийг гаргаж өгсөн нь зөв хэрэгтэй зүйл гэж бодож байна. Яагаад гэвэл математикийн 6000 тесттэй ном байна. Бид энийг 30-40 мянган төгрөгөөр худалдаж аваад өчнөөн бодлогуудаас аль нь ирэхийг мэдэхгүй. Бүгдийг нь бодлоо гэхэд эндээс өөр бодлогууд ороод ирвэл бидэнд харамсалтай. Тийм болохоор тодорхой 1000 тестээс авна гэвэл бид тэр 1000 тестээ бодчихвол тэр хүүхэд тэнцэнэ. Хэрэв бодоогүй бол хохичихно. Хариулт цээжлээд хүн явахгүй.

12Б ангийн сурагч Б.Тэмүүлэн: Ер нь сайн бэлдээрэй гээд өгч байгаа байх. Хүнд нь хүнд амархан нь амархан. Яг бүгдийг нь хийнэ гэвэл нэлээн суух байх. Бусад хичээлүүд бас байгаа болохоор хугацаа их орно.
