Олон улсын иргэний нисэхийн байгууллага Малайзын онгоцны осолд ОХУ-г буруутай гэж үзэв


2014 оны 7-р сард Украины зүүн хэсэгт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны осолд ОХУ буруутай гэж НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үзжээ.

Малайзын иргэний агаарын тээврийн Амстердам-Куала Лумпур чиглэлийн MH17 нислэгээр зорчиж явсан бүх 298 хүн амиа алдсан бөгөөд тухайн онгоцыг Украины Донбассын бүс нутагт Оросыг дэмжигч Украины салан тусгаарлах хүчний зүгээс Орост үйлдвэрлэсэн пуужинд оногдон унасан гэж үздэг ч Кремлийн зүгээс дээрх осолд ямар ч хамааралгүй хэмээн няцаасаар ирсэн юм.

MH17 онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь буюу 196 нь Нидерланд, 38 нь Австрали, 10 нь Их Британи улсын иргэд, бусад нь Бельги болон Малайз улсын иргэд байсан ажээ.

Тэгвэл даваа гарагт НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөлөөс ОХУ-ыг “нислэгийн үеэр иргэний агаарын тээврийн эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг” шаарддаг олон улсын агаарын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж санал нэгтэйгээр үзсэн байна.

Уг онгоцны ослын хэргийг Австрали болон Нидерландын засгийн газраас 2022 онд НҮБ-д гардуулан өгч байсан бөгөөд хоёр улсын засгийн газраас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дээрх шийдвэрийг хүлээн авч буйгаа мэдэгджээ.

“Бид энэхүү аймшигт хүчирхийллийн үйлдлийнхээ хариуцлагыг эцэслэн хүлээхийг ОХУ-д уриалж байна” хэмээн Австралийн гадаад хэргийн сайд Пенни Вонг мэдэгдсэн бол Нидерландын гадаад хэргийн сайд Каспар Вельдкамп ОУИНБ-ын шийдвэрийг “үнэнийг тогтоож, шударга ёс, хариуцлага тооцох чухал алхам боллоо” гээд, улс орнууд олон улсын хуулийг шийтгэлгүй зөрчиж болохгүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт тод томруунаар харуулсан дохио боллоо гэжээ.

Эргэн сануулахад, 2022 онд Нидерландын шүүхээс Оросын хяналт, дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийг Малайзын онгоцыг буудан унагасан гэж үзэн, уг хэрэгт ОХУ-ын хоёр иргэн болон Оросын талыг баримтлагч Украины нэг иргэнд хүн амины хэргээр насаар нь хорих ял оноосон боловч тэдгээр хэрэгтнүүдийг шилжүүлэн аваагүй тул ял эдлээгүй билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *