ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зүгээс өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл хийж, санал болгосон Орос, Украины хооронд шууд яриа хэлэлцээ явуулах асуудал одоог хүртэл тодорхойгүй байсаар байна.
Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ сарын 11-нд олон нийтийн сүлжээнд нийтлэсэн мэдэгдэлдээ “12-ны өдрөөс эхлэн Орос-Украин иж бүрэн, урт хугацааны гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна” гээд Турк улсад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг ирж хэлэлцээ хийхийг нь “хүлээнэ” хэмээн бичсэн юм.
Тэрээр “иж бүрэн бөгөөд урт хугацааны гал зогсоохыг хэрэгжүүлэхийг Украины тал хүсэн хүлээж байна, энэ нь дипломат үйл ажиллагаанд шаардлагатай үндэс суурь болох учиртай, 15-ны өдөр Турк улсад В.Путиныг хүлээнэ” гэжээ.
Харин В.Путин энэ сарын 11-нд хэвлэлд хандан хийсэн мэдэгдэлдээ 15-ны өдөр Туркийн Истанбулд Орос, Украины шууд яриа хэлэлцээг аливаа урьдчилан нөхцөл, болзолгүйгээр дахин эхлүүлэхийг санал болгож, уулзалтын үеэр гал зогсоох зарим шинэ саналд тохиролцоонд хүрч магадгүй юм хэмээн хэлсэн юм.
Гэвч дараагаар нь түүнийг Туркийн уулзалтанд биечлэн оролцоно гэж мэдэгдээгүй болж таарсан тухай мэдээллүүд цацагдсан бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков даваа гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Украины ерөнхийлөгчийн дээрх хариу мэдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Путины саналд хариу болгож тавьсан саналдаа Украины зүгээс Оросыг эхний ээлжинд 12-ны даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаатай гал зогсоохыг зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн боловч ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс нийгмийн сүлжээний хуудсандаа тус улсын зэвсэгт хүчин 12-ны өдөр цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан талаар нийтэлжээ.
ОХУ гал зогсоох уриалгыг үл тоомсорлож, Украины байрлалд цохилт өгсөөр байгаа талаар Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига Украины армийн ерөнхий командлагчийн сүүлийн үеийн тагнуулын мэдээллээс эш татан өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.