Сагсан бөмбөгийн Зүүн Азийн аваргуудын лигийн тэмцээнд өрсөлдөж буй “Хасын Хүлэгүүд” баг өчигдөр эх орныхоо талбайд Тайваний “New Taipei Kings” багийг хүлээн авч тоглон, өрсөлдөгчөө ахин хожлоо.
Тэд өнгөрсөн сарын сүүлээр Тайваньд зочлон тоглолт хийхдээ мөн тус багийг хожоод байсан юм. Ингэснээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн 8 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг хэсгийн 4 тоглолтдоо дараалан хожил байгуулж, BCL лигийн “B” хэсгээс нэгээр гарахаар болоод байна.
Тайваний багийн эсрэг тоглолтод Ян Миллер 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Жордан Толберт 16, Ч.Ихбаяр 14, Д.Мөнхтүвшин 13, Б.Барсболд 12, А.Азбаяр 9, шинэ легионер Жорди Тшиманга 5 оноо тус тус авлаа.



“Хүлэгүүд”-ийн залуус лигийн “B” хэсэгт “New Taipei Kings” багийг 81:68 харьцаагаар, Тайландын лигийн аварга “Hi Tech” багийг 63:59 өөр, мөн Сингапурын аварга баг “Adroit”-ыг 87:41 харьцаагаар хожиж эх орондоо хүрэлцэн ирсэн билээ.
Одоо тэд маргааш буюу тавдугаар сарын 14-нд “Hi Tech” багтай тоглох бол тавдугаар сарын 15-ны өдөр “Adroit” багтай тоглох хуваарьтай байгаа юм.